Өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой Нийгмийн даатгалын тухай хуулийн заалтуудын талаар Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга Д.Баасантай ярилцлаа.
20 жил нийгмийн даатгал төлсөн байвал эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрээд тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэнэ гэж ойлгож байгаа, зөв үү?
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу ажилласан жилийн доод хэмжээг жил тус бүр гурван сараар нэмэгдүүлэхээр заасан байгаа.
- Хэрэв зөв бол дөрвөн хүүхэдтэй ээж 14 жил ажиллаад 55 насандаа биш 50 насандаа хүсэлтээ өгөөд тэтгэвэр тогтоолгох суурь нөхцөл бүрдсэн байна гэж ойлгож болох уу?
- Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн, нийт ажилласан жил нь 20 жил бол эмэгтэй 50 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгоно. Ажилласан жилд нь 4 хүүхдийн 6 жилийг шууд оруулан тооцно.
- Хүүхэд төрүүлсний жилийн нэмэгдлийг нэг хүүхэдтэй хүн ч эдэлнэ, тийм үү?
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор ажилласан жил дээр 1 жил 6 сар нэмж тооцож байгаа. Хэдэн хүүхэдтэйгээс үл хамааран төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор жил нэмж байгаа. Үүнд өргөж авсан хүүхэд мөн орно. Өөрөөр хэлбэл, гурав хүртэл настайд нь өргөж аваад зургаан нас хүртэл өсгөсөн хүүхдийн тоогоор ажилласан жил дээр нь 1 жил 6 сар нэмж тооцно.
- Долоон жилийн сонголттойгоор тэтгэвэр тогтоолгох нөхцөлд цалингаас суутгаж байгаа НДШ дээр хувиараа мөнгө нэмж төлөх боломтой юу. Хоёр компанид зэрэг даатгал төлөөд явж болдог уу?
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу албан журмын даатгуулагч нь сайн дурын даатгалд давхар хамрагдаж болохгүй, хориглосон байдаг. Харин тухайн даатгуулагч хоёр ба түүнээс дээш байгууллагад зэрэг ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж болно. Энэ тохиолдолд тухайн хоёр байгууллагын цалингийн нийлбэрээс тэтгэвэр тэтгэмжийг тооцоолдог.
- Тэтгэвэр тогтоолгоход үндэслэх долоон жил нь заавал дараалсан жилүүд байх уу?
- Тэтгэвэр тогтооход даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан долоон жилд төлсөн шимтгэлээс тооцож тогтоодог. Өөрөөр хэлбэл, заавал дараалсан байх ёстой, гэхдээ сүүлийн дараалсан биш, аль дуртай дурын дараалсан долоон жилийн цалингийн дунджаас тэтгэвэр тогтооно.
- Төрийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарахад нэг удаагийн тэтгэмж олгож байгаа юу, ямар ажил эрхэлж байсан болон хот, хөдөөд ажиллаж байснаас тэтгэмжийн хэмжээ хамааралтай юу. Нэг удаагийн тэтгэмжийг ямар хугацаанд багтаж олгодог вэ?
- Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын дагуу олгодог. Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр өөрийн төсөвтөө тусгадаг. Өөрөөр хэлбэл, энэ нь шууд нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр тэтгэмж огт биш.
- Тэтгэврийн насанд хүрэхээсээ өмнө 20 жил нийгмийн даатгал төлчихсөн бол шимтгэл төлөхөө зогсоох, эсвэл өөр хувийн даатгалын байгууллагад шимтгэл төлж байгаад нас болохоор тэтгэвэртээ гарч болох уу?
- Яг одоо 2022 онд тэтгэвэр тогтоолгоход ажилласан жилийн доод хэмжээг 21 жил 3 сар байхаар заасан байна. Энэ хугацааг 2037 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлж, ажилласан жилийн доод хэмжээ 25 жил байхаар хуульд заасан. Хэрвээ нийт шимтгэл төлж ажилласан жил нь /төрийн байгууллага, хувийн хэвшил ялгаагүй/ 25 жил болсон бол иргэн өөрөө нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байх эсэхээ шийдэж болно. Мөн олон төрлийн хувийн даатгалын тогтолцоо бий болсон учраас ажилласан жил нь хангалттай 25 жил хүрч байвал хувийн даатгалд хамрагдаж болно. Нийгмийн даатгалын багц хуулиуд шинэчлэгдэхээр УИХ-аар хэлэлцэгдэж байна. Энэ хуулиар илүү боловсронгуй шинэлэг зохицуулалтууд тусгагдсан байгаа. Нийгмийн даатгалд даатгуулснаар зөвхөн өндөр насны тэтгэвэр тогтоолгох бус олон төрлийн тэтгэвэр, тэтгэмж авч болно.
- Сайн дураараа даатгал төлөх гэрээний хугацаанд дунд нь төлж чадалгүй завсардсан тохиолдолд яах вэ?
- Сайн дурын нийгмийн даатгалд гэрээний хугацаа гэдэг ойлголт маш чухал байдаг. Сайн дурын даатгалын гэрээг ихэвчлэн нэг жилээр байгуулдаг. Иргэд даатгуулагчид гэрээтэй хугацаандаа алдангиа төлөөд тасарсан сараа нөхөж төлж болно. Гэрээний хугацаа дууссан эсвэл огт гэрээгүй тохиолдолд өмнөх сар, жилээ нөхөж төлнө гэдэг ойлголт огт байхгүй. Ер нь нийгмийн даатгал гэлтгүй, даатгал бол ирээдүйг урьдчилан даатгадаг. Нийгмийн даатгалын хууль тогтоомжид тасралтгүй 3 сар, 6 сар, 9 сар, дараалсан 7 жил гэсэн зохицуулалтууд байдаг. Түүнээс биш огт завсардахгүй, тасралтгүй 20-25 жил ажилласан байна гэсэн хуулийн заалт огт байхгүй. Иргэд дунд нь завсардчихлаа, тасарчихлаа яах вэ? гэж их асуудаг. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход дараалсан 7 жил л тасраагүй байх ёстой. Нийт ажилласан жил нь дундаа тасарсан байсан ч болно.
-
22 цаг 28 мин
-
22 цаг 33 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 44 мин