ХОЁР СОЛОНГОС ЭНХИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛНА
Үйл явдал
/
2022-01-04
Солонгосын дайн анх 1950 оны зургадугаар сарын 25-нд Хойд Солонгосын цэргүүд Өмнөдийн талруу довтолсноор  эхэлсэн түүхтэй.

1953 оны долдугаар сарын 27-нд талууд дайны галыг  зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурснаар  асуудал намжсан ч дайсагнал дуусаагүй юм. Ийнхүү70 жилийн дараа энхийн гэрээ байгуулж, дайн дууссаныг албан ёсоор тунхаглах асуудлыг АНУ, Өмнөд Солонгосын тал хэлэлцэж байна.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чон Ю Ен хэлэхдээ “Сөүл, Вашингтоны зүгээс Пёньянтай энхийн хэлэлцээг хэрхэн шат ахиулах талаар олон арга замыг судалж байна” гэжээ. Дайн дууссаныг тунхаглах асуудалд Хойд Солонгосын талаас эерэг хариу үйлдэл үзүүлсэн гэж албан эх сурвалжаас мэдээлэлээ.

Түүхэн дэх хүйтэн дайны үеийн "хамгийн том дайн" байсан бөгөөд Өмнөд Солонгосын сая орчим, Хойд Солонгосын сая гаруй хүн, нийтдээ 2.5 сая гаруй солонгос хүн амь үрэгдсэн гэдэг. Тухайн үед АНУ-ын дэмжлэгтэй Өмнөд Солонгос, ЗХУ-ын талыг баримтлагч Хойд Солонгосын хооронд энхийн гэрээ байгуулаагүй тул дайныг албан ёсоор дуусаагүй гэж үздэг юм байна.

Хойд Солонгосын талаас өмнөд хөршид нь байршсан АНУ-ын 28500 цэргийг гаргахыг шаардаж байгаа юм. Солонгосын дайнаас хойш Сөүлийн аюулгүй байдлыг хамгаалах үүргийнхээ дагуу АНУ нь тодорхой тооны цэргүүдийг БНСУ-д байршуулах болсон билээ. Үүнийг Пёньяны зүгээс заналхийлэл гэж үзэн, АНУ-ын цэргүүд Өмнөд Солонгост байрласаар байгаа нөхцөлд цөмийн зэвсгээ хөгжүүлэх болно гэжээ. Мөн түүнчлэн Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч асан Пак Гын Хегийн үед АНУ-аас тус улсад агаарын довтолгооноос хамгаалах “THAAD” систем байршуулсан нь Пёньянтай дайсагналцлыг улам хурцатгаж байв. Үүнээс хойш нэг их удалгүй Пак Гын Хе авлигын хэрэгт холбогдон, импичментээр төрийн эрхээс бууж, шүүхээс 22 жилийн ял авсан билээ. Түүнд одоогийн ерөнхийлөгч Мүн Жэ Ин өршөөл үзүүлэн өнгөрсөн долоо хоногт суллажээ.

Түүхэн дэх хамгийн урт хугацааны турш үргэлжилж буй хоёр хуваагдсан нэгэн үндэстний газар нутгийн маргаантай байдал дэлхий дахинаа энх тайвнаа зарлан тунхаглахад ойрхон иржээ хэмээн олон улсын шинжээчид үзэж байна. 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.245.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.