Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж: Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-д Батлан хамгаалах яам нэгдлээ. Батлан хамгаалах яамнаас цахим хэлбэрээр үзүүлэх эхний үйлчилгээ бол Цэргийн бүртгэл юм. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтарч, өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Өмнө нь цэргийн бүртгэлд иргэн бүр өөрийн биеэр хороо, сумынхаа тамгын газарт очиж, бүртгүүлдэг байсан бол өнөөдөр “e-Mongolia” системийг гар утас, суурин компьютероосоо шууд бүртгүүлэх боломжтой боллоо. Батлан хамгаалах яам эхний ээлжид цэргийн тоо, бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж байна. Цаашид Батлан хамгаалахын төв архиваас алба хаасан тухай лавлагаа авах зэрэг цахимаар авах боломжтой үйлчилгээнүүдийг “e-Mongolia” системд нэгтгэхээр хамтран ажиллана гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт: Цэргийн бүртгэлд 18-55 хүртэлх насны иргэд маань хамрагдах ёстой. Эдгээр иргэд маань “e-Mongolia” системийг ашиглан цахимаар бүртгүүлэх боломжийг бүрдүүллээ. Харин интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар тус үйлчилгээг авах боломжгүй иргэд нийслэлийн үйлчилгээний зургаан төвд биечлэн очиж, бүртгүүлэх боломжтой. Мөн 18 нас хүрч буй иргэн хороон дээрээ очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой гэв.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын “e-Mongolia” төслийн нэгжийн бизнес аналист Б.Батзул: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар иргэдийн хувьд хамгийн эрэлттэй буй төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа. Энэ удаад бид Батлан хамгаалах яамнаас иргэдэд үзүүлдэг “Цэргийн бүртгэл”-ийн үйлчилгээг цахимжууллаа. Цэргийн бүртгэлийн хүсэлтийг бид гурван төрлөөр авах боломжтой. Нэгдүгээрт “e-Mongolia” гар утасны аппликейшн, хоёрдугаарт www.e-Mongolia.mn сайт, гуравдугаарт 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын төв болон 330 сум дээр байрлаж буй төрийн үйлчилгээний оператор ажилтнуудаар дамжуулан тус үйлчилгээг авах боломжтой.Интернэт орчинд “e-Mongolia” систем рүү нэвтэрч чадахгүй, ашиглаж мэдэхгүй иргэн байвал нийслэл болон 21 аймаг, 330 суманд байрлаж буй “e-Mongolia” системийн операторуудад хандаж, тус үйлчилгээг авах боломжтой юм байна.
-
21 цаг 36 мин
-
21 цаг 56 мин
-
22 цаг 0 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 44 мин