УТАА БА УТААГҮЙ ТҮЛШ
Үйл явдал
/
2022-01-05

Химийн ухааны доктор Ж.Дугаржав Утаагүй түлшний асуудлаар бичиж байна.


21–р зуун гарсаар, ШУА–ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими, технологийн лабораторт гүйцэтгэсэн томоохон ажлын нэг нь “Утаагүй түлшний шинжлэх ухаан, технологийн асуудлууд” сэдвээр 2008–2012 онд хийсэн  ажил юм.

Энэ ажлын үндсэн үр дүн нь: Нэгдүгээрт Монгол орны томоохон орд-уурхайнуудын нүүрсний экологи чанарыг хүсмээргүй хольц: элемент, бодисуудын агуулгаар үнэлсэнд хоёрдугаарт, цэвэр түлшний технологийн 9 шийдэл боловсруулж 4 патент авсанд оршино. Сайжруулсан түлшний үйлвэрлэл, хэрэглээний техник, технологийг төгөлдөржүүлэх хэрэгт энэхүү төслийн зэхэц үр дүнгүүдийг хөрвүүлэн ашиглах багагүй орон зай бий.

УТАА БА УТААГҮЙ ТҮЛШ

Бид утаагүй түлш хэрэглэж байгаа

Улаанбаатарын утаа Монголын төр засаг, нийгмийн өмнө тулгарсан яггүй асуудал байсаар ирэв. Сүүлийн жилүүдэд аймгуудын төвийн утааг тоохгүй байхын аргагүй  боллоо. Түлш шатаахад  утаа гардаг, Улаанбаатарын ч бусад суурин газруудын ч түлш хэрэглэгчдийн тоо олон, жижиг, ойр ойрхон хирнээ бие, биеээс тусгаар байдал нь асуудлыг хүндрүүлдэг.

Утааг багасгахын тулд утаагүй, ядахдаа утаа бага гаргадаг түлш хэрэгтэй.

Утаагүй түлш гэж байхгүй түлш шатаж л байвал утаа гарна гэж маргадаг хүн манайд олон бий. Тэгвэл, утаагүй түлш гэж бас байна аа. Нүүрс, хагас кокс, модны үртэс, сүрэл мэтээр хийсэн шатаахад мэдэгдэхүйц утаагүй, утаа  гаргадаггүй эсвэл бага утаа гаргадаг түлшийг утаагүй хатуу түлш гэж “Википедия”–д тодорхойлсон байдаг.

Бездымное топливо, бездымный брикет, smokeless fuel гээд аль ч хэлэнд утаагүй түлш гэсэн нэр томъёо байх аж. Жаахан дэлгэрүүлбэл: мод, нүүрс, аргал хөрзөн, бензин, тос  зэрэг түлшний органик бодис агаарын хүчилтөрөгчийн хоорондын илч гал дөл үүсгэн явагддаг исэлдэн ангижрах урвалыг шатах гэдэг. Урвалын бүтээгдэхүүн нь нүүрсхүчлийн хий /СО2/ ба усны  /Н2О/ уур, ямар ч хоргүй бодисууд; бүхий л төрлийн амтат ундаа, дарс, цагаан ба шар айрагны найрлагад нүүрсхүчлийн хий бий, эсвэл зориуд шингээж амт оруулдаг, ус  амьдралын эх.

Харин түлшний найрлага, шатаалтын горим, зуухны боловсронгуй биш байдал зэрэг шалтгаанаар зуухнаас гарах хий тоос, тортог, үнс, угаарын хий (СО), хүхрийн ба азотын оксидууд (NOx, SOx), уур, хийн байдалтай органик бодисууд, хүнд хортой элементээр бохирдох нь бий. Ийм бохирдол ихтэй хар өнгөтөй хийг утаа гэнэ. Химийн хэлээр тодорхойлбол, хийн орчинд хатуу, шингэн бодисууд тархсан дисперсийн систем буюу аэрозолийг утаа гэнэ. Ийнхүү, зуухнаас гарах хий, утаа хоёрыг салгаж ойлгох нь зүйд нийцнэ.

Хий ч утаа ч гаргадаггүй түлш гэвэл цөмийн түлш; нар, салхи, усны эрчим хүчийг утаагүй гал гэж хэлж бас болно. Байгалийн ба шингэрүүлсэн хий, этилийн ба метилийн спиртийг шатаахад мод нүүрс шатааснаас ч илүү их хэмжээний хий гардагч хийнд нь тоос тортог үгүй тул дээд чанарын утаагүй түлш мөн, модны нүүрсийг зөв түлэхэд бас утаа гардаггүйг бүгд мэднэ. Ийм дээд чанарын түлшинд хүрэх нөхцөл манайд одоохондоо бүрдээгүй байна. Гэсэн хэдий  ч бид утаагүй түлш хэрэглэсээр байгаа улс.

Дэлхийн улс орнууд цэвэр шахмал (утаагүй) түлшийг, модлог, энгийн нүүрс, карбонжуулсан нүүрсэн түүхий эдээр олон хувилбар технологиор үйлдвэрлэдэг. Түүнчлэн биобрикет, термоконтактын арга, хими, радиохими, микробиологийн шинэ технологууд төгөлдөржих нэвтрэх шатандаа явж байна.

“Таван толгой түлш” ХХК–д үйлдвэрлэж Улаанбаатарын айл өрхүүдэд нийлүүлж байгаа нүүрсэн шахмал сайжруулсан түлш бол Улаанбаатарчууд бидний өнөөдөр хэрэглэж байгаа утаагүй түлш.  Үүнд хүрэх гэж, утаагүй буюу сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг үүсгэн хөгжүүлэх гэж Монголчууд бид олон жил оролдож багагүй туршлага хуримтлуулсан, олон ч үйлдвэр, цех  байгуулсан, дампуурсан нь ч олон. Зүтгэсэн хүмүүс нь  зовсон, муу үг сонссон, өр төлбөрт орсон, шорон оронд суусан нь ч бий. Шалтаг шалтгаан нь юу байлаа? хийж чадаагүйнх, чадах гэж оролдож байсныгаа дэмжээгүйнх, төр засгийн араншин ороо, бусгаа байсных.

Утаагүй түлшний технологи үнэхээр хүнд, үнэтэй;  манайхан өндөр технологи эзэмшиж  чадаагүй нь  мэдлэг, мэдээлэл дутсантай, үйлдвэрлэхээр зоригсдын хөрөнгө санхүүгийн чадамж хүрэлцээгүйтэй  холбоотой байсаар ирсэн.

2018 онд “Тавантолгой түлш” компани байгуулагдаж Энержи ресурс компаний баяжуулах үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүн (middling) – ээр сайжруулсан шахмал түлш хийх томоохон үйлдвэр байгуулсан нь улс төрийн хувьд зоригтой, техник, технологийн хувьд оновчтой шийдэл болсон ба өнөөгийн байдлаар баруун бүсийн үйлдвэрийн 4 цехийн 12 шугам, зүүн бүсийн үйлдвэрийн 3 цехийн 8 шугамаар түлш үйлдвэрлэн гаргаж, нийслэлийн гэр хорооллын иргэд, аж ахуйн нэгжүүдийг  сайжруулсан шахмал түлшээр хангаж байна. Энэ бол томоохон бүтээн байгуулалт, нүсэр ажил байсан бөгөөд  2019-2020 оны хүйтний улиралд нийслэлийн агаарын бохирдлыг 50 гаруй хувиар бууруулж чаджээ. Энэ үйлдвэрийн түлшний давуу тал нь илчлэг ихтэй, дэгдэмхий бодисын агуулга боломжийн хэмжээнд, бат бөх чанар сайтайд оршино.

Монгол гэр, байшинд түлшийг үеэр шатаах  загварын зуух хэрэглэдэг, ийм зууханд шатаах түлшний хэмжээ тодорхой хэлбэр хэмжээтэй бат бөх байвал сайн байдаг, гол төлөв 40-50 мм орчим хэмжээтэй, өндгөн хэлбэрийн түлш хэрэглэдэг. Ийм түлшний шаталтаас яагаад утаа бага гардаг билээ?- түлэхэд геометр тэнхлэгийнх төвд хамгийн хүчтэй халж халуун хайлмал бөмбөлөг үүсч дэгдэмхий бодис нь жигд ялгарч  бараг утаагүй шатдаг, механик ба дулааны бат бөх чанартай тул шатаалтын нөхцөлд бараг нунтаграхгүй тул гарах хийтэй хамт тоос тортог, үнс нурам дэгдэн яндангаар хаягддаггүй. Барьцалдуулагч  нь шохойтой тул түлшин дэх хүхэртэй холбогдож дэгдэмхий биш нэгдлийн хэлбэрт шилжүүлж үнсэнд нь үлдээнэ. Энэ үүднээс, сайн шахмалыг сайжруулсан, утаагүй түлшинд тооцдог аж. Тавантолгой түлш энэхүү шаардлагын түвшинд үндсэндээ хүрсэн байна.

Илчлэг ихтэй нүүрсэн шахмал дахь органик  бодисын  нүүрсжилтийн зэрэг өндөр, удаан цогшиж шатдаг учраас түүнийг түлэх зуухны яндангийн соролт  сайн, сайтар хөөлөгдсөн,  зуух яндангийн эх биеэр хий алддаггүй байх шаардлага тавигддаг. Дөл богиносч нүүрсжсэн үлдэгдэл  цогшин шатах үед галын хотолд угаарын хий үүсдэг.

Яндангийн таталт муу, эсвэл хаалтай,  зуух, яндан сэмэрхий байвал угарын хий / CO / зуухнаас нэвчин гарч гэрт оршин суугч угаартах эрсдэлтэй. Угаартахгүйн тулд зуухаа сайжруулах, яндангийнхаа хаалтыг хаахгүй байх нь хувийн жижиг хариуцлагын асуудал.

“Тавантолгой” ХХК зөвхөн түлш үйлдвэрлэх төдийгүй, түүнийгээ тээвэрлэх, борлуулах төдийгүй айл өрхийн зуухыг хөөлөх, угаарын хий мэдрэгч тавьж өгөх, гэр орон дахь угаарын нөхцөл байлыг алсаас хянаж мэдээлэх үйл ажиллагаа явуулж байгаа нь нэг талаас, жинхэнэ  энэрэнгүй үйлс, нөгөө талаас, хэтэрсэн халамж  гэж үзэж болохоор байна.

Ийнхүү бид ямартай ч давгүй чанартай утаагүй түлш хэрэглэж байгаа улс, үүнийгээ мэдэх, бодитой үнэлэх, хүрсэн түвшнээ хадгалах ахиулах нь зөв бодол, зөв үйл мөн. Төгс төгөлдөр юм хаана ч байдаггүй. Хийсэн бүтээсэнээ хайрлан хамгаалж хүрсэн түвшиндээ тулгуурлан алсыг харж дэвшин хөгжих нь нийгмийн хөгжлийн жам болой. Оршин суугчид орон сууцаар бүрэн хангагдаад гэр хороолол үгүй болох цагт тавантолгойн сайжруулсан түлш шиг түлшийг үйлдвэрт ашиглах болно.

Яг өнөөдрийн байдлаар, Улаанбаатар дахь сайжруулсан түлшний үйлдвэрлэл, хэрэглээний нөхцөл байдал нилээд хүнд нүсэрдүү байгаа, үүнийг  хөнгөвчлөх, энгийнчлэх шаардлага бий. Үүний тулд: түүхий эдийг шинээр сонгож үйлдвэрлэгч хэрэглэгчид ойртуулах, хэрэглэгчдийн гэр байшингийн зуухыг сайжруулах, холбогч-барьцалдуулагчийг өөрийн түүхий эдээр өөрөө үйлдвэрлэх арга шийдлийг хэрэгжүүлэх ёстой. Холбогчийн хэд хэдэн үйлдвэр  одоо ч ажиллаж байгаа, ойрын үед энэ хэрэгт томоохон дэвшил гарах нь эргэлзээгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.116.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.