БАРИМТ: ЦЭЦИЙН гишүүд 10 саяар АМЬ НАСАА даатгуулж, 400 саяын ЖИЙП ХӨЛӨГЛӨЖЭЭ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-03-05

Монгол Улсын Үндсэн хууль бол Монголын бүх ард түмний эв нэгдлийн гэрээ гэж болно. Нэрт хуульч Б.Чимид багштан “Алганд багтсан Монгол улс” гэж маш энгийн, ойлгомжтой байдлаар томъёолсон нь бий...

Манай улс газар нутагтай, хүн ардтай байх, амьд явах язгуур эрх ашгаа Үндсэн хуульдаа бататгаж бичсэн нь бий. Улс орны баталгаа болсон энэхүү хуулийг дагаж мөрдүүлэх, зөрчүүлэхгүй байх үүргийг хүлээдэг бүрэн эрхтэй, дархан цаазтай нэг байгууллага бий. Тэр нь ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ буюу үндсэн хуулийн шүүх юм.

1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдснаар Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх шүүх байгуулах эрх зүйн үндэс бүрджээ. Үндсэн хуулийн хяналтын механизмыг бий болгосон нь шинэ Үндсэн хуулийн нэг ололт, шинэлэг тал байлаа. Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн нэгд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага мөн” хэмээгээд Үндсэн хуулийн цэцийн бүтэц, үйл ажиллагааны зарчим, эрх хэмжээг хуульчлан тунхаглажээ.

Монголчууд Үндсэн хуулийн цэцийн дээр ХӨХ ТЭНГЭР л бий гэж ярьдаг. Тэгвэл ХӨХ ТЭНГЭР бус торгон хувцас, тансаг машин, галт хананы дунд сард жилд хоёрхон хуралддаг УЛСТӨРЧДИЙН ШАХААНЫ ХҮМҮҮС байдаг аж.

Тэд 800 мянган төрөгийн үнэ бүхий торгон хувцас өмсөж, амь насаа “БОДЬ ДААТГАЛ”-д 10 саяар даатгуулчихсан. 400 сая төгрөгөөр НИССАН-ий жийп худалдан авсан мөртлөө ЗАСГИЙН ГАЗРЫН АВТО БААЗАД унааны зардал гэж их хэмжээний мөнгө төлдөг байна. Энэ бүгдийг тэд ШИЛЭН ДАНСАНДАА бичжээ. Төсвийн мөнгө ёолдоггүй гэж энэ. Нэг дарга нь Солонгос улсад айлчлахдаа эмэгтэй хүний өгзөгнөөс базаж эх орныхоо нэрийг сэвтээгээд амжсаныг нэг хэсэг шуугиад л өнгөрсөн. Нээх сүрхий том нэртэй, тусдаа орд харштай, төрөөс хараат тэд хөшигний ард ийнхүү ТАНСАГЛАДАГ байна...

Баримт 1: Тус байгууллагын ШИЛЭН ДАНСАНД 2020 оны 03 дугаар сарын 03-нд “Бодь даатгал ХХК”-ийн Богд банкны 8001001367 тоот төгрөгийн дансанд Хаанбанкны 5011292267 тоот данснаас  10 сая 800 мянган төгрөгийг “Цэцийн гишүүдийн амь нас, гэнэтийн осол, аялалын даатгалын хураамж” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна.

Баримт 2: 2020 оны 09 дугээр сарын 27-ний өдөр Үндсэн хуулийн цэцээс “Монтех Дистрибьюшн” ХХК-ийн Хас банкин дахь 5002540706 төгрөгийн дансанд 23 сая 500 мянган төгрөгийн гүйлгээ хийж ГАЛТ ХАНА буюу /FIREWALL/ худалдан авчээ.

Баримт 3:  2020 оны 05 дугаар сарын 23-нд Үндсэн хуулийн цэцийн санхүүгээс “Моннис моторс” ХХК-ийн  нэр дээрх Худалдаа Хөгжлийн Банкны 4100-30-491 тоот данс руу 99 сая төгрөгийн гүйлгээ шилжүүлж “Ниссан Тиана” маркийн суудлын автомашин худалдан авчээ.

Баримт 4: Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн өмсгөл бүхий малгай, додиг зэргийн “ТОРГОН ХУВЦАС”-аа нэг ширхэгийг нь 800 мянган төгрөг нийт есөн ширхэгийг 7,2 саяар хийлгэжээ.

 

Баримт 5: Үндсэн хуулийн цэцийн гишүүд бүгд төрөөс унаагаа даалгадаг. Гэтэл Коронавирусийн цар тахлын эдийн засгийн хүндрэлтэй үед улсын төсвийн 458 сая төгрөгөөр “Моннис Моторс” ХХК-иас Ниссан Y62 маркийн туулах чадвар сайтай тансаг зэрэглэлийн жийп худалдан авчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.13.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.