Г.ПҮРЭВДЭЛГЭР: Камерын тусламжтайгаар алга болсон 200 ХҮҮХДИЙГ ОЛЖ ар гэрт нь өгсөн
Үйл явдал
/
Өчигдөр 14 цаг 57 мин

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр:

-Иргэд болон аж ахуйн нэгж байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд "Ногоон бүс" төслийг 2024 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Нийт улсын хэмжээнд бүх сум, дүүрэг, баг, хороог камержуулах зорилтыг тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар орон нутагт 23.014, нийслэлд 32.315 камер гээд нийт 41.983 цэгт 55.319 камер ажиллаж байна. Үүн дотроо хөдөлгөөнт 1668, нэг чигийн 53.621, дугаар танигчтай 40 камер ажиллаж байна. Дэлхийн улс орнууд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор технологийн дэвшил, инновацад суурилсан теле хяналтын камер (CCTV)-ыг өргөнөөр ашиглаж байна.

Цагдаагийн байгууллага иргэд олон нийтийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийг олон улсын стандарт түвшинд хүргэн камержуулах “Ногоон бүс” төслийг санаачлан 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байна. “Ногоон бүс” төслийг гурван үе шаттай хэрэгжүүлэх гэнэ. Камер ашиглалтад нэвтрүүлснээр өнгөрсөн хугацаанд 1652 гэмт хэрэг, 8393 зөрчлийг илрүүлж, 525 гэмт хэрэг, 878 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоож, оршин суугаа газраасаа алга болсон 200 хүүхдийг олж тогтоон эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгөөд байна.

Мөн төслийн хүрээнд аймаг, дүүргийн нутгийн захиргааны байгууллагатай хамтран  “Теле камерын хяналын дэд төв” 30-ийг шинээр байгуулж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлсэн нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулан ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хадгалалтын аюулгүй байдал, хэвийн ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлжээ.

Монгол Улсын Засгийн газраас энэ оны есдүгээр сарын 18-нд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны теле камерыг нэгдсэн сүлжээнд холбох, хяналт тавих чиг үүрэг бүхий "Теле камерын хяналтын дэд төв"-ийг байгуулах, дэд төвийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах "Теле камерын хяналтын нэгдсэн төв" байгуулах, гадна орчны теле камерыг мэдээлэл холбоо, сүлжээний үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын дэд бүтцийг ашиглан дэд төвд холбох, зохион байгуулахад шаардагдах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх талаар тогтоол гарсан нь цаашид төслийг тогтвортой хэрэгжүүлэх эрх зүйн үндэс болж байна гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.92.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.