Д.Наранбаатар: 442 мянган өрхөөс 56 голомтыг илрүүлж, уг ажилд 18.4 тэрбум төгрөг зарсан
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-03-09

"Нэг хаалга - Нэг шинжилгээ" цаг, мѳнгѳ үрсэн ажил байв уу? Хѳл хорио тогтоох уу? Одоо яах вэ? сэдвээр Оном сангийн Эрдэмтдийн багаас чѳлѳѳт ярилцлагыг өчигдөр хийсэн юм. Оном сангийн ТУЗ-ын дарга, Физикийн шинжлэх ухааны доктор, биофизикч Д.Наранбаатар бүх нийтийн шинжилгээг хожуу хийсэн нь халдварын тархалт нэмэгдэх шалтгаан болсон талаар хэллээ.  Хоёрдугаар сарын 23-нд хөл хорио дуусаад, дэндүү сул тавьчихлаа гэдэг нь бодит байдал дээр харагдаж байна.

Тэрээр "2020 оны 11-р сарын 11-нд хөл хорио тогтоосноос хойш 18-нд манай эрдэмтдийн баг протоколыг санал болгож байсан. Үүнд шинжилгээг хоёр удаагийн давтамжаар хийх ёстой хэмээн зөвлөсөн. Гэвч багтаамж хүрээгүй учраас ганц удаа хийж амжлаа. Хоёрдугаар сарын 23-нд хөл хорио дуусаад, дэндүү сул тавьчихлаа гэдэг нь бодит байдал дээр харагдаж байна. Үндэсний аудитын газрын шинжээчид цаг хугацааны хувьд шинжилгээний үйл явцын үнэлгээг зэрэг хийсэн ба хоёрдугаар сарын 11-22-ны хооронд 442 мянган өрхөөс 56 голомтыг илрүүлж, уг ажилд 18.4 тэрбум төгрөг зарсан. 

Нэгдүгээрт, энэхүү ажлыг амжилтгүй болгосон нэг чухал хүчин зүйл нь бид цаг их алдсанд байгаа юм. Бид 11-р сарын сүүлээр эсвэл 12, 1-р сард бүх нийтийн шинжилгээг хийсэн бол эрт барьчих байсан. Жишээ нь Шинэ Зеланд, Австрали, Тайвань, БНСУ, Сингапур гээд маш олон улсад шинжилгээг эрт, далайцтай зохион байгуулж халдварын тархалтыг  барьсан. Бид үүнийг Дархан, Эрдэнэт хотод, Сэлэнгэ аймагт хийсэн нь бүгд амжилттай болсон. Харин Улаанбаатарт хийхдээ маш их хугацаа алдлаа. 

Хоёрдугаарт, Цагаан сарын баяр дөхсөн үеэр буюу хоёрдугаар сарын 8-11-нийг хүртэлх хугацаанд сул байсан нь халдвар тарах нөхцөлийг бүрдүүлсэн. Бидний гаргаж өгсөн арга зүйгээр хоёр удаа шинжилгээг авах ёстой байсан ч нэг л удаа авсан. Тиймээс халдварын тохиолдол ихэссэн. Улаанбаатар хотын хувьд самналтаа сайн хийж чадаагүй. Учир нь нийслэлд албан ёсны хаягийн бүртгэлгүй өрхийн тоо их байдаг. Хэдий 500 мянга гаруй хүн шинжилгээнд хамрагдсан ч өрх бүрээс нэг хүн хамрагдаж чадаагүй. Гэсэн ч халдварын голомтоо тогтоож чадсан гээд  энэ нь зохих хэмжээнд хэрэгцээтэй ажил байсан. Манай эрдэмтдийн баг үүнийг үргүй зардал гэж үзэхгүй байна. Алдаа, оноотой л байлаа. 

Манай дүүгийн шинжилгээний хариу одоо хүртэл гараагүй байгаа. Энэ мэт алдаа байсаар байна. Яах аргагүй анх удаа болохоор зохион байгуулалтын алдаа гарахыг үгүйсгэхгүй. Цагаан сараас өмнө хөл хорио тогтоон, шинжилгээг хийсэн бол илүү үр дүн гарах байсан байх. 

Өндөржүүлсэн бэлэн байдлаас шилжихдээ бүх үйл ажиллагаагаа нээчихсэн. Эхлээд улбар шар руу шилжиж, хэсэгчилж нээхийг манай эрдэмтдийн багаас зөвлөмждөө багтааж, өмнө нь хэлсэн. ЭМЯ ч бас хэлсэн байх. Гэтэл хоёрдугаар сарын 23-нд голомтоо барьсан хэмээн итгэж, бүгдийг сул тавьсан. Мэдээж ЗГ, УОК, НОК, ЭМЯ зөв үйл ажиллагааг зохион байгуулах гэж үзсэн, чадах хэмжээндээ ажиллаж байна. Ажилд алдаа оноо байх нь зүй ёсных юм" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.141.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.