Шинэхэн ГЕНЕРАЛ Д.Дамдинцэрэн МЕДАЛЬ, ХАЛУУН САВ, ЦҮНХ, БАРИМАЛ зэрэгт 190 гаруй сая төгрөг зарлагаджээ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-06-07

Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ойтой давхцан ЦЕГ, ШШГЕГ, Боловсролын яам зэрэг хэд хэдэн төрийн байгууллагын 100 жилийн ой тохиож буй. Тэгвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулага 100 жилийн ойгоо ирэх долдугаар сарын эхээр тэмдэглэх нь. Энэ хүрээнд тус газрын ойд зориулан ОЙН МЕДАЛЬ, ХАЛУУН САВ, ДУРСГАЛЫН ЦҮНХ, ДУРСГАЛЫН БАРИМАЛ, ХОС АЯГА тэргүүтнийг захиалж хийлгэхээр гэрээ байгуулжээ.

Уг нь энэ газрыг улстөрч Д.Загджав хурандаа удирддаг байтал түүний оронд мөнгийг захиран зарцуулах эрхийг саяхан генералын мөрдэс зүүсэн тус газрын дэд дарга Бригадын генерал Д.Дамдинцэрэн эдлэж, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ эрээ цээргүй үрэн таран хийж байна. Одоогоос хэдхэн хоногийн өмнө буюу өнгөрөгч тавдугаар сарын сүүлчээр нэг өдрийн дотор ТАВАН ГЭРЭЭ байгуулжээ.

Тодруулбал, 2021 оны тавдугаар сарын 27-ний өдөр “Сувдан- Замбала” ХХК-тай 20 сая төгрөгөөр 3500 ширхэг халуун сав авах гэрээг,

2021 оны 05 дугаар сарын 27-ний өдөр “Бөртэ-Хан констракшин” ХХК-тэй 20 сая төгрөгөөр 3500 ширхэг дурсгалын цүнх хийлгэх гэрээг,

2021 оны 05 дугаар сарын 27-ний өдөр “Балиглайн” ХХК-тай 20 сая төгрөгөөр халуун сав, мөн 20 сая төгрөгөөр хос аяга хийлгэх гэрээг,

Хэрчсэн гурил үйлдвэрлэх, хүсний бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй “Басу-Хур” ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 27-нд гэрээ байгуулж 15 сая төгрөгөөр гурван ширхэг дурсгалын баримал хийлгэх гэрээг,

2021 оны 05 дугаар сарын 28-ний өдөр “Цомтой” ХХК-тай 95 сая 310 мянган төгрөгөөр 4350 ширхэг ойн медаль, 5200 ширхэг дурсгалын тэмдэг хийлгэх гэрээг тус тус хийсэн байна. Энэ нь нийтдээ 190 гаруй сая төгрөг болж байгаа юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.23.101.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.