IMMEGRATION-ийн Н.Ууганбаяр даргаа 43-р тогтоолоо зөрчин 147 саяар багаж техник хэрэгсэл авсанаа тайлбарлана уу!!!
Тойрогт нь
/
2021-06-11
Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.4-т Төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглоно гэж заасан байдаг.  
Түүнчлэн  “Шилэн дансны тухай хууль”-ийн 4 дүгээр зүйл, 4.1.3-т тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх, 4.1.4-т хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх гэж заажээ.

Тэгвэл  Гадаадын Иргэн Харьяатын Газрын удирдлагууд 2021 оны 04-р сард шилэн дансандаа тусгасан мэдээллээ 2020-оны тендер гэж тайлбарлаж байгаа нь шилэн дансны  хуулийн 4.1.3-дахь тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх гэх заалтыг зөрчиж  байна. Мөн Засгийн газраас гаргасан төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43-р тоот тогтоолыг зөрчиж 147 сая төгрөгөөр компьютер техник хэрэгсэл худалдан авчээ.

Баримт нэг: Гадаадын иргэн харьяатын газрын удирдлагууд цар тахлын үед тендер зарлаж татвар төлөгчдийн мөнгөнөөс 147 сая төгрөгөөр “Монтех Дистрибьюшн” ХХК-аас компьютер техник хэрэгсэл  худалдан авчээ.

Баримт хоёр: Техник хэрэгсэл худалдан авах, нийлүүлэх гэрээг 2021 оны 04-р сарын 27-ны өдөр Гадаадын иргэн харьяатын газрын Санхүүгийн хэлтсийн дарга Ж.Солонго,  “Монтех Дистрибьюшн” ххк-ийн Дэд захирал Б.Ууганболд нар харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулжээ.

Энэхүү гэрээнд суурин компьютер 27 ширхэгийг нэгж үнэ 2,104,300 төгрөгөөр бодсон нь  нийт 56,816,100 төгрөг болжээ. Мөн эх бэлтгэлийн компьютер 1 ширхэгийг  нэгж үнэ 5,632,000 төгрөг, эвлүүлэг монтажны тусгай хэрэгцээний компьютер 1 ширхэг нэгж үнэ 5,962,000, гурван үйлдэлт принтер 2 ширхэг нэгж үнэ 445.500 төгрөг буюу нийт өртөг 891,000, олон үйлдэлт хэвлэх төхөөрөмж 2 ширхэг, нэгж үнэ 7,957,000 нийт өртөг 15,914,800, сервер компьютер 1 ширхэг, нэгж үнэ 25,021,700 төгрөг, 55 UHD, smart TV 2 ширхэг, нэгж үнэ 1,747,900, нийт үнэ 3,495,800 төгрөг болжээ. Нийт 36 ширхэг  техник хэрэгслийн нийт мөнгөн дүн 113,733,400 төгрөг болж байна.

Баримт гурав: 5738091 регистрийн дугаартай  “Монтех Дистрибьюшн” ХХК-нь 2013 оны 08-р сарын 13-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдсэн гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй компани юм. “Монтех Дистрибьюшн” ХХК-ийн захиралаар Монгол улсын иргэн Б.Ууганболд 2013 оны 08-р сарын 13-ны өдөр бүртгэгджээ.

Баримт дөрөв: Гадаадын иргэн харьяатын газрын шилэн дансанд тусгасан төсөвт өртөг 147 сая төгрөг гэжээ. Гэтэл бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд 113 сая 733 мянга 400 төгрөг гэж тусгасан байна.  Энд харагдаж буй зөрүү  батлагдсан төсөвт өртгөөс үлдсэн мөнгө юунд зарцуулагддаг нь тодорхойгүй байна.  Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйл, 4.1-р заалтад энэ хуулийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална гэжээ. 

4.1.1.мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх

 4.1.2.мэдээлэл ойлгомжтой, ач холбогдолтой байх

 4.1.3.тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх гэж тусгасан байна. Гэвч зарим Төрийн байгууллагууд хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа нь төсвийн мөнгө хяналтгүй үрэгдэх шалтгаан болж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.250.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.