Ж.Батсуурь: УИХ-ын дарга Г.Занданшатар манай намын Д.Ганбат гишүүнийг ХАМГААЛААД байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-01-11

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.  УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Нам эвслийн бүлэг, байнгын хороодын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах нь УИХ-ын даргын бүрэн эрхэд бий. Гэтэл олонхын шийдвэрийг хүлээж авахгүй цааргалж байгаа нь улс төрийн шинжтэй үйл ажиллагаа гэж хэлж болохоор байна. Цаашид бүрэн эрхийнхээ үйл ажиллагааг хэрэгжүүлэхгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын даргыг ажлаа хийж чадаж байгаа эсэх талаарх дүгнэлт гаргуулна. Манай намын гишүүд бүлгийн даргаа солиод гурван сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд дээд шүүхийн шийдвэрийг харж байсан. Онц их хурал, үндэсний бодлогын хороог дээд шүүх хууль ёсных гэж үзэн, намын даргын асуудлыг дахиж оруулах нь зүйтэй гэж үзсэн" гэв. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүхийн тогтоолыг олон нийтэд мэдээлсэн. АН-ын маргаантай асуудал үндсэндээ шийдэгдсэн. Нам гэдэг бол гишүүд, төлөөллийн байгууллагаас бүрддэг. Намын 200 мянган гишүүд оролцсон онц их хурал, үндэсний бодлогын хороог дээд шүүх хууль ёсных гэж үзсэн. Иймээс АН-ын дотоод маргаан гэж байхгүй. Нэгэнт намын үйл ажиллагаа шийдэгдсэн. Харин УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний саад байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд бүлгийн дарга Д.Ганбатыг сольж өөрчлөөд УИХ-ын даргад бичгээр мэдэгдсэн. Энэ долоо хоногоос эхэлж, УИХ-ын даргыг АН-ын бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангаж өгөхийг дахин шаардана. УИХ-ын дарга ийм эрх, үүрэгтэй. Шаардлагатай бол бид энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаас эхлээд олон үйл ажиллагааг зохион байгуулж ажиллана.

Бүлгийн дарга байсан Д.Ганбат гишүүн зарим гишүүнийг бүлгээс хассан. Ийм хууль эрх зүйн үндэс байхгүй" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.67.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.