Эрдэнэт цогцолбор дээд сургууль Кембрижийн хөтөлбөрөөр сургана
Үйл явдал
/
2022-01-22

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дэргэдэх "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн Ахлах сургууль энэ сарын 10-нд Олон Улсын Кембрижийн хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах эрх авлаа. Тус сургууль 2022-2023 оны хичээлийн жилээс 9-р ангид Кембрижийн дунд боловсролын сертификат олгох хөтөлбөрт элсэлт авах аж.

Энэ талаар тус сургуулийн Сургалт хариуцсан орлогч захирал Н.Манчукаас тодрууллаа.

Тэрээр “Манайх ахлах сургуульдаа 2019 оноос эхлэн Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх зорилго дэвшүүлсэн. Энэ хүрээнд багш нарыг чадавхжуулах, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ажилласан. 2020 оны 5 дугаар дугаар сарын 15-нд БШУЯ-аас Кембрижийн хөтөлбөртэй ахлах сургуулийн сургалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан ч, ковидын нөхцөл байдлын улмаас эрх олгох шалгалт хойшилсоор байв.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-нд Кембрижийн олон улсын шалгалтын төвөөс мэргэжилтнүүд ирж шалгасан. Ингээд манай ахлах сургуулийг олон улсын Кембрижийн хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах шалгуур, шаардлагыг хангасан гэж дүгнэсэн. Иймээс манай Ахлах сургууль 9, 10-р ангидаа Кембрижийн дунд боловсролын түвшний, 11, 12-р ангидаа А түвшний сертификат олгох хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна” гэв.

Я.Энхтуяа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.12.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.