"Эрдэнэт" ТӨҮГ: Уулын цул олборлолт, өрөмдлөгийн хэмжээгээрээ түүхэн дээд амжилт тогтоолоо
Үйл явдал
/
2022-01-25

 Ил уурхай 2021 оны үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны тайлангаа даваа гарагт 94,71 хувийн гүйцэтгэлтэй, онцсайн дүнтэй  хамгааллаа. Өнгөрсөн жил уурхайчид  хэрхэн ажиллаж, ямар үр дүнд хүрсэн  талаар Ил уурхайн дарга Д.Нямдоржоос нь тодруулсан юм.   

     Тэрбээр: “Манай  хамт олон өнгөрсөн онд богино, дунд, урт хугацааны зургаан үндсэн зорилго дэвшүүлэн ажилласан. Энэ хүрээнд  үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийг төлөвлөгөөнөөс 98-121 хувиар биелүүлж ажиллалаа. Тухайлбал, уулын цул олборлолтын хэмжээг 101, хүдэр олборлолтыг 100, хүдэр дэх металлын агуулгыг 100.1, хөрс хуулалтыг 102.1, өрөмдлөгийн хэмжээг 100.7, тэсэлсэн уулын цулын хэмжээг 100.1, нэг метр цооногийн уулын цулын гарцыг 102.6 хувиар биелүүлж,  тээвэрлэлтийн дундаж зайг 10 хувиар буурууллаа.

Тайлант хугацаанд  27,270 мян.м3 уулын цул олборлож, 533,000 уртааш метр өрөмдсөн нь  үйлдвэрийн түүхэн дээд амжилт боллоо. 

Сүүлийн жилүүдэд уул геологийн нөхцөл хүндэрч хүдрийн агуулга буурч, уурхайн хэмжээ тэлэхийн хэрээр тээвэрлэлтийн зай уртсаж, технологийн тээвэрлэлтийн өртөг нэмэгдэж байгаа хэдий ч техник, зохион байгуулалтыг  оновчтой хэрэгжүүлсний үр дүнд технологийн нормчлогдсон материал, бусад материалын тоо хэмжээг бууруулж,  тээвэрлэлтийн дундаж зайг 3.80 –аас  3.42  болгож  0.38 км-ээр  багасгаснаар 1м3 уулын цулын өртгийг 39 төгрөгөөр бууруулсан.

Технологийн нормчлогдсон материалыг хувийн зарцуулалтын нормоос нэг  тэрбум, бусад материалын зардлыг 723.9 сая, эрчим хүчний зардлыг 44.9 сая төгрөгөөр  хэмнэж, технологийн тээврийн зардлыг тээвэрлэлтийн зайнаас 11.4 тэрбум төгрөгөөр бууруулан ажиллалаа. 

Тайлант хугацаанд  ажилтны дундаж цалин өмнөх оны мөн үеийнхээс 4.09 хувиар, хөдөлмөрийн бүтээмж 3.8 хувиар тус тус өслөө. ХАБЭА-н чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын үнэлгээгээр оны  эхний улиралд  2-р байр, II улиралд  тэргүүн  байр  эзэлсэн.  Уурхайчид бид 2021 ондоо ийм  өрнүүн амжилт гарган амжилттай ажиллалаа” гэв.

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.172.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.