Зэвсэгт хүчний алба хаагчдын эссэг ОЛОН УЛСЫН УРАЛДААНД оролцуулахаар боллоо
Үйл явдал
/
2022-01-13
Цэргийн насны залууст зөв төлөвшил, зөв хандлага, амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх зорилготой “MAX COURAGE” олон улсын хувь хүний хөгжлийн сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-тай хамтарсан танхим болон цахим хосолсон хэлбэрээр өнгөрсөн оны 11 дүгээр сард зохион байгуулж явуулсан.
 
Тус сургалтын төгсгөлд Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний дунд “Миний эр зориг” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарласан билээ. Энэхүү уралдаанд Зэвсэгт хүчний 13 нэгтгэл, анги, байгууллагаас офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдаас 95 эссэ ирүүлсэн байна. Шилдэг 9 эссэнээс “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар” шагналт байрын эздийг тодрууллаа.
 
Тэгвэл өнөөдөр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, АУГ-ын Суртал хүмүүжил, мэдээлэл, сэтгэлзүйн хангалтын хэлтсийн дарга хурандаа Ц.Батсайхан, “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ уралдааны шилдгүүдэд шагналыг нь гардуулан өглөө.
 
“Миний эр зориг” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрыг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Соёл хүмүүжлийн дарга ахмад Ч.Нямсүрэн, дэд байрыг 014 дүгээр ангийн Эмнэлгийн алба, эрүүл мэндийн төвийн дарга дэслэгч Э.Буянжаргал, гуравдугаар байрыг 350 дугаар ангийн Салааны ахлагч, тасгийн захирагч ахлах ахлагч Э.Боргил тус тус эзэлсэн бол 123 дугаар ангийн МББ-ны хангалт үйлчилгээний слааны хангалт үйлчилгээний тасгийн нярав, жолооч дэд ахлагч Ц.Отгонбаяр, 016 дугаар нэгтгэлийн Хуягт техникийн албаны нярав завсарчин дэд ахлагч Ж.Цэнгүүнбаяр нар тусгай байрт шалгарлаа.
 
Мөн энэ үеэр Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Бидний мэргэжил-Миний бахархал” уралдааны шилдгүүдэд шагналыг гардуулан өгсөн юм. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулагч албан тушаалтнуудад өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг, чадвараа ахиулах сэдэл төрүүлэх, тэдний баримт бичиг боловсруулах, үг бичих, найруулах чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцуулах зорилготойгоор 10 сарын турш үргэлжилсэн тус уралдаанд 104 цэргийн алба хаагч оролцсон байна.
“Бидний мэргэжил-Миний бахархал” уралдааны тэргүүн байрт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн соёл хүмүүжлийн албаны дарга хошууч Д.Долгоржав, дэд байрт тус нэгтгэлийн соёл хүмүүжлийн зааварлагч дэслэгч Ц.Бадамсүрэн нар шалгарсан бол 256 дугаар ангийн Соёл хүмүүжлийн албаны дарга хошууч Л.Амарбаясгалан удааллаа.
 
ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба уралдааны шилдгүүдэд баяр хүргэж хэлсэн үгэндээ “Эссэгээр дамжуулж Зэвсэгт хүчиндээ хэрэгцээтэй, авууштаа, бодууштай санаа бодлыг тусгасан байх. Шилгүүд дотор багтсан хоёр эмэгтэй цэргийн алба хаагчдадаа хэлэхэд бусдыгаа манлайлж, үлгэрлэсэнд олзуурхаж байна. Та бүхэн авьяас чадвараа хөгжүүлж, зөвхөн уралдаан тэмцээнээр хязгаарлалгүй өөрсдийн бичсэн эссэ, нийтлэлээ Соёмбо сонин, Цэргийн шинэчлэл сэтгүүлд хэвлүүлж олон түмний хүртээл болгож байгаарай. “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-ын хамт олонд, Зэвсэгт хүчний алба хаагчдыг дэмжиж ажиллан, урам өгсөнд талархаж байгаагаа илэрхийлээд ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.
 
Түүнчлэн “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ “Өнгөрсөн онд Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилий ой тохиосон. Энэ хүрээнд ЗХЖШ болон ХЗЦК-тай хамтран ажиллаж, олон ажлын ард гарсан. Цаашид “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар” та бүхэнтэй илүү өргөн хүрээнд хамтран ажиллана. Залуучуудын маань зарим төлөөлөл цэргийн алба хааж байна. Тэдгээр залууст гэр бүлийн боловсрол олгох, тэдний ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Чимээгүйхэн хөдөлмөрлөж, баатарлаг үйлсийг бүтээж байгаа та бүхнийг олон нийтэд сурталчлан таниулах нь их чухал. Энэ чигэлээр бид гар нийлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Эссэ бичлэгийн уралдаанд шидгээр шалгарсан та бүхнээр бахархаж байгаагаа хэлье. Ингээд Монгол Улсынхаа төлөө зүтгэж байгаа та бүхний ариун үйлсэд амжилт хүсье” хэмээв.
 
Мөн Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилий ойн медалиар төлөөлөл болгон Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн Соёл хүмүүжлийн албаны дарга хошууч Л.Амарбаясгаланг шагналаа.
 
Төгсгөлд нь Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ шилдгээр шалгарсан дээрх бүтээлүүдийг олон улсын “Эр зоригийн түүх” эссэ бичлэгийн уралдаанд Монгол Улсаа төлөөлүүлэн оролцуулахаар болсон баяртай мэдээ дуулгалаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.119.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.