Ш.ЦЭРЭНДУЛАМ: Гурилтай ааруул худалдаалж байгаа нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээнэ
Үйл явдал
/
2022-01-13
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан зах худалдааны төвүүдэд зарагдаж буй сүү цагаан идээний чанар стандарт, аюулгүй байдлын талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах, Зар Сурталчилгааны Газрын дарга Ш.Цэрэндулам тодруулга өглөө. 
 

Органик хүнсний тухай хууль гэж бий. Худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ байгалийн гаралтай, органик гэдгийг батлах тэмдэгт шошгоо “Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам”-аас авах ёстой. Хэрэв байгалийн гаралтай гэх шошгоо албан ёсоор аваагүй “органик” гэсэн тэмдэгт ашиглаж байгаа тохиолдолд өрсөлдөөний тухай хуулиар хариуцлага хүлээнэ.

Цагаан идээний хувьд гурилтай хольсон, жин нь дутуу байна гэх гомдол их ирдэг. Тухайн хүнсний бүтэц, аюулгүй байдлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний төв лабораторит дээж өгч шинжлүүлнэ. Албан ёсны хариу хольцтой эрүүл ахуйн шаардлага хангаагүй нь тогтоогдвол хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн дагуу хариуцлага тооцно.

Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2 буюу “Өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал мэдээлэл өгөх, үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх” байдлаар худалдаа эрхэлсэн нь тогтоогдвол хувь хүн хоёр сая, хуулийн этгээд 20 сая төгрөгөөр торгуулна. Энэ хуулийн заалтаас хэн ч мултрах боломжгүй.  
Гурилтай ааруул худалдаалж байгаа нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдвол зах, худалдааны төв хариуцлага хүлээнэ. Тухайн бүтээгдэхүүнийг зарж борлуулсан худалдаа эрхлэгч жилийн орлогийн 4%, 6%-тай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх хатуу хуулийн зохицуулалт бий. Аж ахуй нэгжүүдэд анхааруулж хэлэхэд МУ-ын Засгийн Газраас гаргасан Дотоод хяналт шалгалтын тухай хуулиа мөрдөж, зах худалдааны төвүүд өдөр тутмын  хяналтаа чангатгах ёстой. 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.130.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.