Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2021 оны “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/987 дугаар захирамж 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү захирамжаар иргэд, аж ахуйн нэгж нийслэл Улаанбаатар хотод нэр бүхий 74 төрлийн үйл ажиллагааг эрхлэхдээ ямар нэгэн зөвшөөрөл, батламж, зөвшөөрлийн шинжтэй баримт бичиг бүрдүүлэхгүй байхаар зохицуулсан. Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19” цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Сүүлийн өдрүүдэд тус төвд хандсан иргэдийн дуудлагын 27.5 хувийг 74 нэр төрлийн үйл ажиллагаатай холбоотой лавлагаа, мэдээлэл эзэлж байна.
Тиймээс энэ удаад нийслэлд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр 74 нэр төрлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой мэдээллийг онцлон хүргэж байна. Иргэн, хуулийн этгээд www.ulaanbaatar.mn цахим хуудасны үйлчилгээ эрхлэх бүртгэлд бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломжийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бүрдүүлсэн. Нэгдүгээр сарын 11-ний байдлаар үйлчилгээний хүсэлт бүртгэх цахим системд нийт 200 гаруй үйлчилгээний хүсэлт бүртгүүлсэн байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлж буй түгээмэл асуултын хариултыг хүргэе.
-Иргэн, аж ахуйн нэгж байгууллага хэрхэн системд бүртгүүлэх вэ?
-Иргэн, аж ахуйн нэгж байгууллага www.ulaanbaatar.mn цахим хуудасны “ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ БҮРТГЭЛ” гэсэн хэсэгт хандан Дан системээр дамжуулан иргэн, аж ахуйн мэдээллийг баталгаажуулж нэвтэрнэ. Эхний алхам буюу тавигдах стандарт, шаардлага, иргэн, аж ахуйн нэгжийн хүлээх үүрэгтэй танилцан зөвшөөрсний дараа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын регистрийн дугаарыг оруулж хувийн мэдээллийг Хур системээс татна. Үүний дараагаар үйлчилгээний байршлын мэдээлэл болон бүрдүүлэх баримт бичгээс өмнө нь тухайн баримт бичгийг авч байсан эсэх мэдээллийг оруулснаар таны хүсэлтийн мэдээллийг бүртгэж QR код бүхий бүртгэлийн хуудас гарч ирж, үйл ажиллагааг шууд эхлүүлэх боломжтой болно.
-74 нэр төрлийн үйлчилгээ эрхлэх хүсэлтийг бүртгүүлэхэд ямар нэгэн бичиг баримт шаардах уу?
-Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг бүртгүүлэхэд ямар нэгэн бичиг баримт шаардахгүй. Өмнө нь дээрх үйлчилгээг авахад 7-12 нэр төрлийн бичиг баримт /төрийн байгууллагаас гарах 7-8, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өөрт байгаа 3-4/-ыг иргэн, аж ахуйн нэгжээс шаардаж байсан бол өнөөдрийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ямар нэгэн бичиг баримт шаардахгүй болсон.
Харин үйл ажиллагаа эрхлэх байраа түрээсээр ажиллуулах бол түрээсийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг хавсаргаж оруулах юм. Төрийн байгууллагаас гарах бичиг баримтыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оролцоогүйгээр төрийн байгууллагууд хооронд мэдээлэл солилцох, дэмжин туслах, арга зүйн зөвлөгөө өгөх, хамтарч ажиллах зарчмаар ажиллана.
-Гадаадын иргэд үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийг хэрхэн хийлгэх вэ?
-Гадаад иргэдийн хувьд ХУР системээс мэдээлэл татах боломжгүй тул Монгол Улсын иргэнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуулийн этгээдэд бүртгүүлж, үйл ажиллагаа эрхлэх бүртгэлээ хийлгэнэ.
-Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд хаана очиж хандах вэ?
-Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 утсаар бүртгэл хийх заавар зөвлөгөөг авах, мөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн оператор ажилтанд хандан үйлчилгээ эрхлэх бүртгэлээ хийлгэх боломжтой.
-Урьд нь авсан үйл ажиллагааны зөвшөөрөл, батламжийн хугацаа дууссан бол сунгуулах уу?
-Өмнө нь үйл ажиллагаа эрхэлж байсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээ эрхлэх сунгалт хийлгэх шаардлагагүй болсон. Дүүргээс олгож байсан батламжийн хугацаа дууссан тохиолдолд www.ulaanbaatar.mn цахим хуудасны үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системд бүртгүүлснээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах бөгөөд жил бүр сунгалт хийх шаардлагагүй юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
10 цаг 35 мин
-
10 цаг 54 мин
-
10 цаг 58 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин