ДОЛООН аймаг сар шинийн үеэр ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХООР болсоноо мэдэгджээ
Үйл явдал
/
2022-01-16

Халдварын тархалтын кластер өвчлөл нэмэгдэж, хоногт 15-20 мянга хүртэлх тохиолдол бүртгэгдэнэ гэдгийг Улсын онцгой комиссоос анхааруулж байгаа. Тиймээс цагаан сарыг өргөн хүрээнд биш айл, өрхийн хэмжээнд өнгөрүүлэхийг зөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор зарим аймаг цагаан сараар болох олон нийтийн үйл ажиллагааг цуцалж, өргөн хүрээнд тэмдэглэхгүй гэдгээ мэдэгдээд байна.

 

УВС АЙМАГ ИРЭХ САРЫН 10-Н ХҮРТЭЛ ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЦУЦЛАВ

Увс аймгийн Онцгой комисс хуралдаж нэгдүгээр сарын 14-нөөс ирэх сарын 10-ыг хүртэл олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Мөн хүнсний зах, барилгын материалын дэлгүүрийг 10:00-18:00 цаг хүртэл, худалдааны төв, хүнсний дэлгүүрийг 08:00-22:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан байна. Цагийн хязгаарлалт зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хууль болон бусад хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах аж.

Түүнчлэн Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ.

 

ЗАВХАНД COVID-19 БОЛОН ШҮЛХИЙГЭЭС БОЛЖ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БАЙГАА УЧИР ЦАГААН САРЫГ ХОРИГЛОЛОО

Завхан аймаг нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэж, цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриаллаа. Тодруулбал, Covid-19 халдварын тархалт улсын хэмжээнд төдийгүй Завхан аймагт нэмэгдэж, он гарсаар 155 тохиолдол бүртгэгдэж, одоогоор 100 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа юм. Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 20 суманд тархаж, дэгдэлт зогсохгүй байна. Иймд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор аймгийн Онцгой комиссоос тус шийдвэрийг гаргасан байна.

 

ОРХОН АЙМАГТ ИРЭХ САРЫН 15-НЫГ ХҮРТЭЛ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООВ

Тус аймгаас Covid-19 халдварын оргил үеийн идэвхжилтийг бууруулах үүднээс тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 15 хүртэлх хугацаанд зохион байгуулахгүй байхаар болжээ. Мөн цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байх, төрийн байгууллага аливаа олон нийтийг хамарсан хурал, сургалт зөвлөгөөнийг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг үүрэг болгожээ.

 

ДАРХАН-УУЛ ЦАГААН САР ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙХ УРИАЛГЫГ АНХЛАН ГАРГАЖЭЭ

Дархан-Уул аймаг энэ сарын сарын 15-аас эхлэн тодорхойгүй хугацаагаар олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлана. Тус комиссын энэ сарын 11-ны хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан юм. Үүнд, нэгдүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах, төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй боллоо. Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй бөгөөд айл өрхийн хэмжээнд тэмдэглэхийг уриалжээ.

 

ХОВД АЙМАГ ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХОЁРДУГААР САРЫН 7 ХҮРТЭЛ ХОРИГЛОВ

Ховд аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглов. Тус комиссоос өчигдөр дараах шийдвэрийг гаргажээ.

Тухайлбал, цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгох, олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ний өдөр хүртэл хориглосон байна.

Мөн иргэн, ААН, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллах, нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах, халаалт дулааны асуудлыг сайжруулах талаар холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болгожээ.

Өнөөдрийн байдлаар тус аймагт нийт 20 мянга гаруй иргэн халдвар авч, хамгийн олон хүн халдвар авсан гурван аймгийн нэг болжээ.

 

БАЯНХОНГОРТ  Ч ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХООР БОЛЖЭЭ

Баянхонгор аймагт Covid-19-ийн хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан уулзалт, арга хэмжээг хоёрдугаар сарын 15 хүртэл хязгаарлав. Уг шийдвэр энэ сарын 11-нээс эхлэн хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг хумих зорилгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагааг нэг сар орчим хязгаарлах шийд гаргажээ. Ингэснээр нутгийн хэмжээнд цагаан сарыг өргөн дэлгэр зохион байгуулахгүй юм.

 

ДОРНОДОД ОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН АРГА ХЭМЖЭЭГ 14 ХОНОГ ХЯЗГААРЛАНА

Дорнод аймгийн Онцгой комисс цар тахлын омикрон хувилбар дотоодод илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор тодорхой хэмжээний хязгаарлалт хийх шийдвэрийг гаргасан. Тодруулбал, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын болон олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг өчигдрөөс хязгаарлав.  Хязгаарлалтын дэглэм нэгдүгээр сарын 27-ныг хүртэл мөрдөх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.126.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.