Өдөрт 50-иас доошгүй тоогоор чингэлэг татахад 18 хоногт дуусгах боломжтойг албаныхан дуулгалаа
Үйл явдал
/
2022-01-16

Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг цахимаар хуралдав. Хуралдаанаар ажлын хэсгийн гишүүд Зам-Үүд боомтоор нэвтэрч буй чингэлэгтэй экспорт, импортын ачаа тээврийн үйл ажиллагааны явцын мэдээллийг Шадар сайдад хүргэлээ.

Хил дундын “0” цэгээс чингэлэгтэй ачааг татан авч, Замын-үүд дэх “Бүс нутгийн ложистикийн төв”-д буулгасан ачааны ихэнхийг төмөр замаар Улаанбаатар руу татан авч, цөөн тохиолдолд аж, ахуйн нэгжүүд өөрсдийн автомашинаар ачаагаа татжээ.

Өнөөдрийн байдлаар Эрээнд хятадын тал 900 орчим чингэлэгт ачаа ачиж, хилээр зөөвөрлөхөд бэлтгэсэн. Өдөрт 50-иас доошгүй тоогоор чингэлэг татахад 18 хоногт дуусгах боломжтойг албаныхан дуулгалаа.

Тулгамдаж байгаа асуудал нь олон улсын тээвэр хийх тээврийн хэрэгсэл нь Евро стандартад нийцсэн байх шаардлагатай ч энэ шаардлагыг хангаж байгаа тээврийн хэрэгсэл манайд цөөн.

Шадар сайд ажлын хэсгийнхэнд хандан, хилээр орж байгаа чингэлгийн тоог нэмэх, төмөр замын өргөн царигаар ачаа  татах ажлыг эхлүүлэх, хилээр оруулсан бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийж, гүний тээвэрт гаргах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Ажлын хэсгийн өмнөх хуралдаанаар Шадар сайдаас Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвд өгсөн үүрэг болох Монгол Улсын хойд, баруун бүсийн хилийн боомтоор дамжуулан Оросын Холбооны Улс, Европ, Дундад Азийн улсууд руу манай улсын жолооч нар өөрсдийн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх боломж, нөхцөлийг судалж танилцуулах үүргийг судалж, холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцож, шийдэлд хүрсэн тухай Зам тээврийн сайд Л.Халтар мэдээлэв.

Тэрбээр “ОХУ болон Европ, Дундад Азийн орнууд руу тээвэрлэлтийг Олон улсын тээвэр зуучлалын компаниуд хариуцдаг. Эдгээр компаниудыг нэгтгэсэн Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо “НАРТАМ” ТББ-тай холбогдож, тодорхой шийдэлд хүрсэн.

Асуудал нь олон улсын тээвэр хийх тээврийн хэрэгсэл Евро стандартад нийцсэн байх шаардлагатай ч энэ шаардлагыг хангаж байгаа тээврийн хэрэгсэл манайд цөөн. Урд хил дээр нүүрс, ачаа тээвэрлэдэг автомашинууд том, задгай ачааг хилийн хойд Алтанбулаг боомтоор ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хот хүртэл явуулж болох ч цааш нутгийн гүн рүү явах боломжгүй.

Харин Евро стандартын шаардлага хангасан автомашинтай жолооч нар Европ тив хүртэл алсын тээвэрт явах боломжтой. Шадар сайдын үүрэг болгосны дагуу бид “НАРТАМ” ТББ-тай хамтарч энэ боломжийг бүрдүүллээ.

Өнөөдрөөс Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо болох НАРТАМ цахим хуудсаараа дамжуулан Олон улсын тээвэр хийх боломжтой иргэд, жолооч нарыг бүртгэх зарлалаа нийтэд мэдээлнэ.

Жолооч нар эндээс мэдээлэл авч бүртгүүлээд, шаардлага хангасан бол олон улсын тээвэр хийж, ашиг олох боломж нээгдэж байгаа юм. Мөн Европын орнуудад ТИЙР буюу том оврын тээврийн хэрэгсэл барих ангилалтай жолооч нарын ажлын байр эрэлттэй байдаг. Энэ чиглэлд жолооч нарыг ажиллуулах боломжийг хэрэгжүүлэхээр судалж байна” гэв.

Ажлын хэсгийн хуралдаанаар үргэлжлүүлэн эм, эмийн бүтээгдэхүүнтэй холбоотой ачааг Зам-Үүд боомтоор нэн тэргүүнд татах ажлыг зохион байгуулах, хилийн бусад боомтуудын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг шийдэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.70.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.