МОНГОЛЫН ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨ СОНГОЛОО
Үйл явдал
/
2022-01-16
Монголын Хэвлэлийн Хүрээлэн оны өмнөхөн 25 жилийн ойгоо ёслол хүндэтгэл дүүрэн тэмдэглэн өнгөрүүлсэн бол өнөөдөр VII чуулганаа амжилттай зохион байгууллаа. Чуулганаар Хэвлэлийн Хүрээлэнгийн Удирдах зөвлөл дарга, гишүүдийг салбарынхан ил тод нээлттэйгээр сонгов.
 
Чуулганы эхэнд Монгол Улсад 1996 онд хэрэгжүүлсэн “Чөлөөт хэвлэл” төслийн удирдагч асан, Дани талын ажлын хэсгийн ахлах зөвлөх ноён Ёрган Рингаард мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрбээр, “Монголд Улсад хэрэгжүүлсэн энэ төсөл бүх талаар анхных байсан. Үүнийг яаж хэрэгжүүлэх бэлэн практик туршлага тухайн цаг үед бидэнд байсангүй. Тэр туршлагыг бид Монголд хуримтлуулсан. Ардчилал шинэ тутамд хөгжиж байгаа хэд хэдэн оронд “Чөлөөт хэвлэл” төслийг хэрэгжүүлэхдээ бид Монголд олж хуримтлуулсан туршлагаа гол чиг баримжаа болгосон. Тийм учраас ардчиллын замаар замнаж байгаа бусад улс оронд чөлөөт хэвлэлийг хөгжүүлж ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлж, хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн үе үеийн удирдах бүрэлдэхүүн, хамт олон, ялангуяа монголын сэтгүүлчид үүгээрээ бахархах эрхтэй” хэмээн хэлсэн юм.
 
Энэ удаагийн Удирдах зөвлөлийн даргаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэвлэлийн Хүрээлэнгийн анхны захирал Цэндийн Энхбатыг олонхын саналаар сонголоо.
Удирдах зөвлөлийн гишүүнээр “Өнөөдөр” сонины Ерөнхий менежер Б.Баярмагнай, Niisleltimes.mn сайтын эрхлэгч Б.Түвшинтөгс, NTV телевизийн редактор Б.Түвшинтулга, “Өдрийн сонин”-ы редактор Я.Баярбаатар, “Орхон Сити” радиогийн редактор О.Хишигсүрэн, Tonshuul.mn сайтын үүсгэн байгуулагч Л.Цэрэнжаргал, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг, ММ агентлагийн Ерөнхий найруулагч Ц.Лхагвадаш, Монголын гэрэл зургийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар, Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш Г.Энхбаатар, Хэвлэлийн хүрээлэнгийн Түншлэл хариуцсан менежер Ж.Оюунцэцэг, Ийгл ньюс телевизийн Ерөнхий продюсер Н.Баасандамба нар сонгогдлоо.
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.212.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.