Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх зорилгоо хэлэлцлээ
Үйл явдал
/
2022-01-08

 Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс шинэ оны эхэнд тухайн жилийн бодлого зорилтоо хэлэлцэж, тодорхойлдог. Энэ дагуу өнөөдөр тус хэлтсээс “Нэн түрүүнд ХЭМАБ ба Манлайлал, оролцоо-2022” бага хурлаа зохион байгуулж, өнгөрсөн оны ажлын тайлан, шинэ оны зорилт зорилгоо хэлэлцэж, ярилцлаа. Үйлдвэрлэлийн тасралтгүй горимтой Эрдэнэт үйлдвэрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зарчим, дүрэм журам эн тэргүүнд тавигдаж, мөрдөж ажилладаг бөгөөд энэ чиглэлийн бодлого чиглэлд ч онцгой ач холбогдол өгч ажилладаг. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, ажилтнуудын аюулгүй таатай ажиллах орчин нөхцөлийг улам дээшлүүлэхэд энэ удаагийн хурал анхаарал хандуулав. 

 

     “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ХАБЭА-н чиглэлээр 2022 онд тавих зорилт” болон  үйлдвэрийн газрын ажилтнуудын ХАБЭА-н чиглэл тус бүрээр өгсөн цахим үнэлгээ, цахим санал хүсэлтийн үр дүн сэдвээр  ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд илтгэл тавьсан  бол эрүүл мэндийг хамгаалах чиглэлийн зорилтыг Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг, чадамжийг сайжруулах зорилтыг  Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү нар танилцуулав. Мөн хуралд оролцогсод ХАБЭА-н үйл ажиллагаа, түүнд тулгамдаж буй асуудлаар үйлдвэрийн удирдлагуудад хандан, санал хүсэлтээ хэлж, уламжлалаа.

 

 

     Бага хурлаас үйлдвэрийн ХЭМАБ-ын 2021 оны үйл ажиллагааг “хангалттай” гэж үнэлж, ХАБЭА-н сургалтыг виртуаль орчинг бүрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг үйл ажиллагааг цогцоор нь цахимжуулах, ажилтнуудын ажлын тусгай гутал, хувийн хамгаалах хэрэгслийн хүртээмжийг аутсорсинг үйлчилгээнд нэвтрүүлэх, цех хариуцсан эмч нарын ажлын чиг үүрэгт үйлдвэрийн газрын ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл байдалд хяналт тавих чиг үүргийг тусгах, ХЭМАБ-ын үйл ажиллагааг сайжруулахад идэвх санаачилга гаргасан ажилтнуудын хөдөлмөрийг үнэлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг нийт 11 заалт бүхий шийдвэр гаргав. Энэхүү шийдвэрийг бодлого хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын үйл ажиллагааг сайжруулахад хамтын хүч, зүтгэлээр ажиллахыг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нийт ажилтнууддаа уриаллаа. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.72.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.