Эрдэнэт” сувиллын цогцолборыг эмнэлэг болгон ажиллуулах үүрэг өглөө
Үйл явдал
/
2022-01-18

“Эрдэнэт үйдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж, коронавирусын Омикрон шинэ хувилбарын халдвар эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан авах арга хэмжээ, үйлдвэрлэлийг хэвийн үргэлжлүүлэхэд тулгамдаж буй зарим асуудлын талаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд 4700 орчим ажилтан хэвийн горимоор ажиллаж байгаа нь хөдөлмөрийн нийт хамт олны 69 хувь юм. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1300 гаруй ажилтнаар буурсан үзүүлэлт бөгөөд цар тахлын халдвар авсан нь батлагдсан болон тусгаарлалтад орсон, мөн ээлжийн амралтаа эдэлж буй ажилтны тооноос шалтгаалж ийнхүү буурчээ. Харин нийт ажилтны 16 орчим хувь нь хөдөлмөр зохицуулалтад шилжээд байна. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн ч үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт сайн явна. Оны эхний 16 хоногийн байдлаар Эрдэнэт үйлдвэр төлөвлөгөөнөөс 22100 м3 уулын цул илүү гаргаж, 35400 м3 хөрс илүү хуулж, 29 мянган тонн хүдэр илүү боловсруулан 5349 тонн цэвэр зэс агуулсан 22.7 хувийн агуулгатай 24 мянга 200 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн амжилттай ажиллаж байна. Түүнээс гадна техник, технологийн шинэчлэл, засвар үйлчилгээний ажлууд төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ. 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Эрээн-Замын-Үүдийн хилийн боомтоор чингэлэгт тээврээр ачаа нэвтрүүлэх болсонтой холбоотой үүсч буй хүндрэлийг шийдвэрлүүлэх, том төслүүдийн тоног төхөөрөмж болох чингэлгээр тээвэрлэх боломжгүй овор ихтэй ачааг татах ажлыг шуурхайлах, үйлдвэрлэлийн технологийн бараа материалыг тасалдуулахгүй байхад анхаарч ажиллахыг Гадаад харилцааны бодлогын газар, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газарт үүрэг болгов. Мөн энэ үеэр Шуурхай штабын үйл ажиллагааг идэвхжүүлж 24 цагаар ажиллуулах, “Эрдэнэт” сувиллын цогцолборыг түр хугацаанд эмнэлэг болгон ажиллуулах, явуулын шинжилгээний машины тоог нэмэгдүүлэх, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 1, 2-р байрны хооронд хүн зорчихгүй байх зэрэг чиглэл өглөө. 

М.ОДГЭРЭЛ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.165.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.