"Эрдэнэт" ТӨҮГ:Зэсийн баяжмал ачилт сайн явагдаж, хоногт 50 вагон баяжмал ачиж байна
Үйл явдал
/
2022-02-16

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын ээлжит шуурхай хуралдаанаар зэсийн баяжмал ачилт, ханган нийлүүлэлт, бүтээн байгуулалтын явц, цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. 

Өнгөрсөн 7 хоногт Эрдэнэт үйлдвэрт Ковид-19 өвчний тохиолдлын тоо эрс буурсан бөгөөд хөдөлмөр зохион байгуулалтыг энэ сарын 18-наас хэвийн горимд оруулах аж. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг онцлох дипломтой  төгсөж, Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрх гардсан 5 залууг цехүүдэд хуваарилах ажлыг зохион байгуулж байгаа тухай Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас мэдээллээ. 

Зэсийн баяжмал ачилт сайн явагдаж, хоногт 50 вагон баяжмал ачиж байна. Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн ММС-2 тээрмийг  хөдөлгүүрийн хамт шинэчлэх  ажил төлөвлөгөөнөөс өмнө явна.  Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан Хаягдлын аж ахуйн нуурын усны түвшин, мөсний зузаанд хяналт тавин ажилласан  бөгөөд хэвийн  байгаа тухай Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх мэдээлэв.  

Эрдэнэт үйлдвэрийн 2021 оны санхүүгийн тайланг гаргаж, хүргүүлсэн тухай Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа мэдээллээ. Тэрээр, манай тайланг баталгаажуулах аудит хийгдэнэ. Иймээс цех нэгжүүдийн удирдлага, санхүүгийн ажилтнууд анхан шатны баримтын бүрдэлд анхаарал хандуулаарай гэв. 

Эрдэнэт үйлдвэр 2022 оныг Их бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Ирэх сарын нэгэнд үйлдвэрлэл, нийгэм соёлын чиглэлээрх бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх тул Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, орлогч нартаа бэлтгэл ажлыг бүрэн хангах үүрэг чиглэл өгөв. Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэрийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дарга Н.Баярболд, Хөрөнгө оруулалт, Худалдан авах ажиллагааны бодлогын  газар, холбогдох  хэлтсийн удирдлагуудад үйлдвэрлэлийг тасралтгүй явуулахад зайлшгүй хэрэгтэй технологийн зарим материал, Засвар механикийн заводын түүхий эд, бүтээн байгуулалтад шаардлагатай том оврын ачааг хилээр яаралтай оруулж, авчрах  асуудлыг судалж шийдвэрлэхийг  үүрэг болголоо. 

Я.ЭНХТУЯА

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.145.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.