Тус яамнаас Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд заасны дагуу шүүхийн ачааллыг бууруулах, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зорилгоор Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар ажиллаж байна. Уг хуулийн төслийг боловсруулахтай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл“ сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.02.16/ зохион байгууллаа.
Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг 2012 онд баталсан. Тус хууль батлагдсанаар аливаа хэрэг, маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн. Өөрөөр хэлбэл, эвлэрүүлэн зуучлагч иргэний эрх зүйн маргаанд талуудад дэмжлэг үзүүлж, эвийн журмаар, шуурхай, зардал багатай гэх зэрэг давуу талууд байна.
Тус хууль хэрэгжих хугацаандаа шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд 100 мянга гаруй хэрэг маргааныг шийдвэрлэснээс 75 хувь нь иргэний эрх зүй, 24,5 хувь нь гэр бүлийн, 1 хувь нь хөдөлмөрийн маргаан байсан байна. Тодруулбал, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд 2021 онд хүлээн авсан 19337 өргөдлөөс 12369 өргөдлийг шийдвэрлэж, 8480 буюу 68.5 хувь нь эвлэрэл амжилттай болсон байна. Мөн шүүхийн бус буюу МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн Маргааныг Эвлэрүүлэн Зуучлах Төв нь 2014 онд байгуулагдсанаасаа хойш нийт 85 хүсэлт хүлээн авснаас 31 эвлэрлийн гэрээг амжилттай байгуулсан гэх мэт ахиц дэвшил гарсаар байгааг дээрх тоо, баримт илтгэж байгаа юм.
Гэхдээ хэрэгжилтийн явцад тус хуулийн хүрээ, маргааны төрлийг өргөжүүлэх, төрийн бус байгуулллага, мэргэжлийн холбоодын эвлэрлийн маргаан шийдвэрлэх ажиллагааны процессыг нарийвчлан тусгах, гэрээний биелэлтийг сайжруулах, нэр томьёог жигдлэх, хийдлийг арилгах, эвлэрүүлэн зуучлагчийн эрх зүйн статусыг тодорхой болгох, чадавхи, нийгмийн баталгааг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх хэрэгцээ шаардлага бий болсон учраас Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг онцгой анхаарч, эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг шинэчлэхээр зорьж байна” гэдгийг онцоллоо.
Энэхүү хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчид, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчидын танхимын төлөөлөл, багш, эрдэмтэн, судлаачид оролцож, санал солилцов.
Мөн өнөөдрийн энэхүү хэлэлцүүлэг нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад томоохон түлхэц болсон чухал арга хэмжээ боллоо гэдгийг оролцогчид хэлж байв.
-
10 цаг 55 мин
-
11 цаг 14 мин
-
11 цаг 18 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин