“ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ” гэдэгсэн!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-09-19

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ой удахгүй болно. Манай хот хөгжлөөрөө, ажилгүйдэл, ядуурал, иргэдийн сэтгэл ханамжийн үзүүлэлтээрээ бусад хотуудаас сүүл мушгидаг. Хотын дарга нар нь ч хүний эрхийн мэдрэмжгүй, иргэд нь ГАМШИГТ ӨРТӨЖ амь наана, там цаана, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад дарга даамлууд маань Хүй мандлын зүлэг ногоон дэвжээнд ДАНШИГДААД сууж байхад ийм л улс. Иргэдийн санал, дэмжлэгээр сонгогдож, шийдвэр гаргах түвшинд хүмүүс угаасаа идэж уух, элдэв ой тэмдэглэх, гадагш, дотогш зугаалах дуртай. Аргагүй шүү дээ, тэдний халааснаас сохор зоос ч гарахгүй, бүгд татвар төлөгчдийн төлсөн мөнгө буюу төсвөөс гарчихдаг учир тэд санаа зовох зүйлгүй сайхан явна.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл НИТХ-ын зургаан төлөөлөгч ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгөөр АЯЛАЖ ЯВААД иржээ. Учир нь хотын удирдагууд нийслэлийн ой болох гэж буйтай холбогдуулан Улаанбаатар хотын анхны шав тавьсан, Өндөр гэгээнийг ширээнд залсан “ШИРЭЭТ ЦАГААН НУУР” хэмээх газарт очиж боржин чулуунд тахил өргөжээ. Зуун ямаанд жаран ухна гэгчээр жил бүр хотын дарга, НИТХ-ын даргын хамтаар очоод хадаг зүүгээд тахилын идээ өргөчихөөд ирдэг зүйлд нийслэлийн хийх ажилгүй 7 төлөөлөгч очсон нь ҮРГҮЙ ЗАРДАЛ төдийгүй “эсгий хийх газар нохой хэрэггүй” гэгчийн үлгэр болжээ. Сайд дарга нар, төлөөлөгчид очоод л улс орон хөгжчихдөг бол нийслэлийн 45 төлөөлөгчийг бүгдийг нь Өвөрхангайд аялуулж газар үзүүлж, нүдийг нь хужирлавал зүгээрсэн.

 Ширээт цагаан нуурын хөвөөнд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү 5 настай Ишдоржийн даахь сэвлэгийг 1639 онд үргээн, Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж, Өндөр гэгээн Занабазар хэмээн өргөмжлөн, Шар бүсийн ордон байгуулсан түүхтэй. Тус ордныг байгуулсан нь одоогийн Монгол Улсын нийслэлийн анхны шав тавьсан газар гэж үздэг бөгөөд 1999 онд гэрэлт хөшөө босгон, жил бүрийн намар  хүндэтгэл илэрхийлдэг болсон.  Энэ сарын 17-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр, Р.Дагва, Б.Сүхбаатар, Г.Гангамөрөн, Л.Ариунтуяа, С.Эрдэнэбаяр, Ч.Мэндбаяр НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид Өвөрхангай аймаг, Бүрд сумын удирдлага болон нутгийн иргэд гэрэлт хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.174.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.