Нийгмийн захиалгаар ирсэн ЗАЛУУ ПАРЛАМЕНТЧ Х.НЯМБААТАР
Г.Золбаяр
Нийтлэл
/
2023-10-06
Хүн амын тоогоороо Нийслэлд хамгийн томд тооцогдох Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга байхаас нь түүнийг гадарлана. Уг нь тэр, 2000 оноос багшийн алба залгуулдаг байгаад гэнэт улс төрд хөл тавьсан нь өөрийнх нь амьдралын төлөвлөгөөний нэгээхэн хэсэг байсан гэдэг.

Сонгинохайрхан дүүргээс УИХ-д нэр дэвшин парламентад ороод ирсэн нь ч санамсаргүй хэрэг биш. Өмгөөлөл үзүүлэн, нийгмийн болох болохгүй хэсэгт явахдаа манай улсад гарцаагүй эрх зүйн шинэчлэл хэрэгтэй гэдгийг ойлгосон гэдэг. Олноос онцгойрохгүй ч чуулганы хуралдаан болон бусад индэр дээрээс өөрийнхөө байр суурийг тун чамбай илэрхийлэх болсон юм. Мэдээжийн хэрэг хуульч хүний хувиар хууль эрх зүйн баримжаатай байр суурь илэрхийлдэг учраас тэр байх. Гэтэл нэг өдөр телевизээр Х.Нямбаатар гэх шинэхэн гишүүн “Зарим шүүгчийн дансанд сая ам.доллар байна. Хэдхэн жилийн өмнө шүү дээ. Эхнэр, хүүхэд нь нотариат хийдэг. Нотариатын орлогоос сая ам.доллартай болсон гэж байгаа юм. Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг байна. Өөрийнх нь дансанд нэг сая ам.доллар байна. Бид ийм шүүгч нартай шударга ёс яриад яах юм бэ” хэмээн шуудхан л хэллээ.

Түүнийг үзэж суусан тэр шүүгч бүү хэл, ойр тойрныхон нь, телевиз үзэж суусан би ч гэсэн өндөсхийв. Аргагүй зоригтой залуу насны явдал. Яагаад гэхээр ийм зүйлийг сүүлийн гучин жил ямар ч улстөрч хэлэлгүй залгиж ирсэн юм шүү дээ. Тэгээд ч УИХ-д шинэхэн сонгогдсон, цаанаа том хамгаалагч байхгүй, бүлэг фракц гэх зүйлгүй залуу хүн гэнэдэж байна даа. Хонгилын шүүгч нар ямар ч баримтыг няцаана шүү дээ хэмээн бодож суусан хүн олон байсан биз ээ. Энэ өдрөөс эхлэн Х.Нямбаатар гэх хуульч залуу олны анхааралд илтэд орж, улмаар илэрхийлж байгаа байр суурь нь өдрөөс өдөрт чангарч байв. Ард түмний хүч гэдэг юуг ч хурцалж бас мохоож чадах шинжээрээ аугаа. Ард түмэн ч түүнийг уухайлан дэмжсэн. Тэд дэмжих ёстой хүнээ л дэмждэг бололтой. Намынх нь бүлэг нь залуу хуульчаа дэмжиж, төд удалгүй УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны даргаар томилогдов. Шинэ гишүүнд бол томдсон алба л даа. Гэхдээ Х.Нямбаатарт бол томдоогүй гэдгийг тэр өөрөө харуулж чадсан. Нүдээ олсон томилгоо болсон доо. Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллахдаа хууль эрх зүйн олон шинэчлэл дээр амжилттай ажиллав. Дийлэнх нь гараанаас гарч нийгмийн хөрсөн дээр хэрэгжиж эхэлсэн гэхээр муугүй л ажилласан хэрэг байх. Загатнасан газар маажив гэдэг шиг цаг үеэ мэдэрсэн, иргэдийн хүсэн хүлээсэн эрх зүйн шинэчлэлийг тэр хийж эхэлсэн.

“Гараа сайн бол бариа сайн”

Өнгөрөгч 2016 оны УИХ-ын сонгуулиар тэр анх удаа сонгуульд өрсөлдсөн ч хамгийн өндөр санал авсан гишүүдийн нэг боллоо. Шинэхэн нэр дэвшигчдэд тохиолдож байгаагүй зүйл. Нөгөө талаар Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүрэгт муугүй ажилласныг ч давхар илтгэнэ. Анх 2009 онд Сонгинохайрхан дүүрэгт хуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бол төд удалгүй дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2012-2016 Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга болсон гээд арав хүрэхгүй жилийн намтраа тус дүүрэгт бичсэн ч ийнхүү асар өндөр санал авсан хүний нэг болж байв. Дүүргийн иргэд “Манай хуулийн зөвлөх, хүнийг их бага, хөгшин залуу гэж ялгадаггүй сайхан харьцаатай хүн. Аливаа зүйлийг болгох талаас нь явдаг” хэмээн ярьж байсан бол Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга болсон даруйд нь “Зөв хүнээ дарга болгожээ. Хурлынхаа даргатай биечлэн уулзана. Надад нэг ийм асуудал тулгараад манай дарга л зохицуулж чадна” гэсэн хүмүүс үүдээр нь хөлхлдөг болсон тухай хамт ажиллаж байсан нөхөр нь хуучилж байсан.

“Гараа сайн бол бариа сайн” гэдэг дээ. Яах аргагүй гараанаас өндөр авсан залуу хуульч өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоор дамжин Хууль зүй дотоод хэргийн сайд болчихсон сууж байна. Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилсон нь ёстой нийгмийн захиалга байсан. Тэр олон хууль эрх зүйн шинэчлэл эхлүүлээд удаагүй байсан учраас одоо сайдын суудалд тамга атгаж байгаа хүний хувиар цаашид хэрэгжүүлж мөрдүүлэх тал дээр анхаарч таарна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хөрсөн дээр байршуулах, таниулах гээд ажил юу эс мундах билээ. Энэ бүгдээ даруухан амжуулж суугаа нь ойлгомжтой.

Шударга ёсны төлөө шударга нөхөдтэйгөө хамтрав

Өнгөрөгч парламентын хуралдааны танхимд шударга ёс, хүний эрх, хууль шүүхийн байгууллагын ялгавартай шийдвэрийн эсрэг чангахан дуугарч, эрх зүйн орчныг чамбайруулан ажилласан хүн бол Х.Нямбаатар.

Парламентын гишүүд нийгмийн эмх замбараагүй байдал, хүний эрхийн зөрчил, авлига хээл хахууль, эрх мэдлийн төлөөх улайрсан тэмцэл, популизм хийж олон нийтийн тархийг угаах зэргээр дотроосоо бугласан идээ бээрийг шахан гаргахын төлөө тэрээр УИХ-ын гишүүн болсон цагаасаа эхлэн тэмцсэн. Ийн ажилласан нь түүнийг яван чангарсан залуу улстөрч болохыг харуулсан хэрэг. Үүнээс гадна түүнд авах нэг том чанар бий. Тэр хэзээ ч бусад шиг даргын цүнх барин албан тушаал ахиж, авлига авч хөлждөг хүмүүсийн жишгийг давтаж, дагаагүй. Өөрөө өөрийгөө тулж боссон хуруу дарам цөөн залуусын нэг.

Харин ч төрийн ажилд садаа болж, хувийн эрх ашгийг хайсан нөхдүүдтэй ширүүхэн үзэж, “60 тэрбумын хэрэг”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудал, “МАНАН” дэглэмийн эсрэг, “Хонгилын шүүгч нар”-ын эсрэг тус тус тэмцэж эхэлсэн нь өндөр үр дүнд хүрсэн. Мөнхүү нийгмийг хирдхийлгээд удаж байгаа С.Зоригийн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн, зарим ноцтой гэмт хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хаасан ажиллагааг ч тэр гаргаж ирсэн, мөрдөх нягтлах ажиллагаа өдгөө ч явагдаж байна. Ийм учраас тэр шударга ёсны төлөө өдгөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн асан Лу.Болд, Ж.Батзандан нартай сэтгэл зүтгэл нэгтгэн, өвлийн хүйтэнд талбай дээр гарч ирэв.

Тэдний тэмцэл УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг баталж үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр дараа дараагийнхаа ажлыг эхлүүлэх байв. Ард иргэд ч хөхөө өвлийн хүйтэнд талбай дээр олон мянгаараа гарч ирсэн түүхэн үзэгдэл болж байв. Иргэд үнэхээр шударга ёс, шударга төрөөр цангасан байгааг харуулсан хэрэг.

Ийм хэмжээний тэмцэл өрнүүлэхэд асар их сэтгэлийн тэнхээ хэрэгтэй. Гэр бүл үр хүүхэд гээд асуудал бий. Тэр 2018 оны гуравдугаар сард би “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж шүүхийн байгууллага тойрсон асуудлаар тодорхой мэдэгдлүүд хийсэн. Ингэхдээ тэр шүүхийн шийдвэрийг үнэ хаялцуулж гаргаж байна, бизнесмэнүүдээс бизнесийг дээрэмддэг, хүнийг хууль бусаар хорьж залхаадаг, гадаадын хөрөнгө оруулагчдыг цөлмөж, гадагшаа зугатаахад хүргэдэг гэх мэт маш ноцтой зүйл ярьсан. Энэ бүх бусармаг үйлдлийн талаар ерөөсөө цухуйлгах төдий, хэдхэн минут л ярьсан хүн. Гэтэл маргааш нь нийгэм яаж шуугиж, доргиж байсныг бүгд эргээд санахад илүүдэхгүй. Үнэхээр төрд хууль бус зүйл хэрээс хэтэрснийг харуулсан явдал байв. Тийм учраас нийгмийг эрүүлжүүлэхийн төлөө Ж.Батзандан, Лу.Болд нартай нам харгалзахгүй нэгдэн тэмцсэн хэрэг. Монгол Улсын төлөө, ард түмний төлөө өргөсөн тангарагтаа үнэнч явахад нам эвсэл ялгаж улс төржих нь хэтэрхий богино асуудал.

Эрх зүйн шинэчлэлийг эхлүүллээ

Х.Нямбаатар эрхзүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй хуулиуд дээр мэдлэг боловсролоо шавхаж ажиллахаар зорьсон нь ажил хэрэг болсон. Зөвхөн өнгөрсөн хугацаанд гэхэд “Хууль тогтоомжийн тухай хууль”, “УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай”, “Зөрчлийн тухай хууль”, “Нотариатын тухай хууль” зэрэг 10 гаруй хуулийг санаачлан, ажлын хэсгийг ахлан ажилласан, батлуулсан. Энэ бол Монголын хууль эрх зүй, эрүүгийн салбарт нэн шаардлагатай байсан зохицуулалт болж чадсаныг салбарынхан дуу нэгтэй хэлдэг. Өдгөө ч хөрсөн дээр мөрдөгдөж байгаагаас харахад яах аргагүй туршлагатай мэдлэгтэй хүний хийсэн ажил гэлтэй. Үүнээс гадна хамгийн том эр зориг шаардсан ажил байсан даа. Өнгөрөгч парламентыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан түүхэн парламент гэж тодотгож онцолж байгаа нь зүй ёсны хэрэг. Үүнд Х.Нямбаатар эзэмшсэн мэргэжил, туршлага, чадвараа түшиглэн, юу юунаас чухал үүрэгтэй оролцсон гэдгийг парламентын гишүүд өөрсдөө батлан хэлэх юм билээ.

Тэр ард түмнээ төрд төлөөлдөг түшээ

Хууль тогтоох дээд байгууллагад ард түмнээ төлөөлдөг гишүүдийг зөвхөн энэ эмч багш, инженер гэж ялгах аргагүй. Тэд төлөөлөл учраас Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагад ажиллаж байгаагийн хувиар тал талын мэдлэгтэй байх зүй ёсны шаардлага бий. Орчин цагт үүнийг ч шаардах болжээ. Х.Нямбаатар ч энэ зарчмаар ажилладаг. Нэгэнтээ тэр “Эдийн засаг хүнд байна. Гэхдээ бидэнд гарц бий. Хүнд хэцүү байдлыг шийд гэж ард түмэн биднийг энд суулгаж байгаа учраас зүтгэх хэрэгтэй. Бидэнд мэдэхгүй, чадахгүй зүйл байхгүй байх ёстой” гэж хэлж байсан. Тэгээд ч тэр амьдрал дундаас ургасан түшээ учраас иргэд, сонгогчдод хамгийн ойр байдаг байх. Тодотговол, тэр Бэрхийн уурхайд өссөн ч хожим гэр бүлээрээ Улаанбаатар хотын айл болохоор нүүж ирсэн гэдэг. Ийнхүү Х.Нямбаатар хотод ирээд нийслэлийн 48 дугаар сургуулийн сурагч болжээ. Улмаар “Орхон” их сургууль, Цагдаагийн академи, Удирдлагын академийг тус тус төгссөн. Суралцаж байх хугацаандаа Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Эрхзүйн боловсролын академийн гишүүн болсон байна. Өмгөөлөгчөөр ажиллаж байсан нь түүнийг төрийн албанд зүтгэх зорилготой болгосон гэсэн. Өдөр бүр л янз бүрийн зовлонтой, асуудалд орооцолдсон хүмүүс ирж уулзан зөвлөгөө авна. Ингэж ирсэн хүмүүсийн дийлэнх нь өөрийн буруугүйгээс болж хохирсон, арга учраа олохгүй будилчихсан явдаг байж. Тиймээс тэдэнд туслах, нийгмийн олон асуудлыг шийдэх, хууль эрхзүйн орчинг илүү боловсронгуй, иргэддээ халгүй болгох үүднээс 2008 онд нутгийн захиргааны байгууллагад ажиллаж эхэлсэн гэдгээ тэр дурдсан. Ард түмнээ, эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй гишүүн учраас гал дундуур явсан, гал цогтой хуулиудыг гардан авсан. Энэ тухай өөрөө хэлэхдээ  “Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан С.Бямбацогт эдгээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, заримыг нь шинэчлэн найруулгаар батлуулах төсөл оруулж ирсэн. Би шулуухан хэлье. Тэр үед манай ах нар бүгд энэ галтай хуулиудыг барьж аваагүй. Тэгээд одоо яах вэ дээ, тэнэг зоригтой байсан юм уу. Би барьж авсан. Ямар ч байсан гурван жил гаруй Монголын хуулийн тогтолцоо гацахгүй явж байна. Улам чамбай хууль болгочих гээд одоо ч гэсэн ажлын хэсэг гарчихсан ажиллаад явж байна. Нэг сайд гарч ирж Эрүүгийн хуулиараа тоглоод, нөгөө сайд нь бас дахиад тоглодог тийм улс орон гэж байдаггүй. Франц улс гэхэд эрүүгийн хуулиа 30 жилийн турш бага багаар өөрчилж шинэчилж байгаа. Манай урд хөршийг социалист эрх зүйн тогтолцоотой л гэж ярьдаг. Урд айл хорин хэдэн жил Эрүүгийн хуулиа бага багаар, ямх ямхаар өөрчилж ирсэн. Одоо бол эдний Эрүүгийн хууль супер түвшинд очсон. Хятадыг үзэн ядагчид баахан л инээдтэй юм ярьдаг. Гэтэл өнөөдөр урд айл маань хэрэг маргаанаа хиймэл оюун ухаанаар шийдэж эхлээд явж байна. Бид ч цаашид хүний хамааралтай хэрэг маргаан хянан шийдвэрлэдэг тогтолцооноос аль болох ангид болох энэ чиглэл рүү зорих ёстой шүү дээ” хэмээж байв. Төрийн алба залгуулахад олон зүйл шаардлагатай ч нөгөө талаар тийм ч олон зүйл шаардахгүй гэдгийг Х.Нямбаатар нарын цөөн түшээдээс харж болно. Юуны өмнө зөв төлөвшсөн байх, тэгээд боловсрол, мэдлэг юу юунаас чухал. Ингээд зүтгэл, сэтгэлтэй нийлсэн гурвалсан холбоо байхад болох нь тэр.

Шударга ёсны дуу хоолой Ерөнхийлөгч хүртэл асав

Үнэнийг хэлэхэд цагийн цагт манай Ерөнхийлөгч гэж хүн, залаад тавьсан бурхан шиг байсаар ирсэн. Шүүх эрх мэдлийг томилдог түүнээс ихэнх нь айна. Ихэнх нь ч гэж. Бултаараа мэгдэнэ. Яагаад гэхээр хууль бус үйлдэл нь гишүүдийг нам суулгадаг байсан байх. Харин шударга үнэний дуу хоолой болсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн өөдөөс үг хэлээд авав. Ингэхдээ чамгүй ширүүхэн дуугарав. Тэрээр чуулганы хуралдаан дээр  “Сая болж өнгөрсөн жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч зохион байгуулалттайгаар өдөөн хатгасан, санхүүжүүлсэн баримттай мэдээлнэ, шүүгч нар Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас ирж, хэнд ямар ял өгөх вэ гэж асуудаг, ийм байдалтай болсон” гэв. Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд С.Мөнхсайхан нар огцорсон. Х.Нямбаатарыг ч огцорно хэмээж байсан ч тэр үлдсэн. Шударга үнэн ялсныг энд харуулав.

Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ сайд нарыг хүлээн авч уулзах үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг хэт улс төржиж, асуудалд хандсан учраас шүүхэд өгнө гэдгээ мэдэгдэв. Ерөнхийлөгч Х.Баттулга “Хууль зүйн сайд яагаад улс төржөөд байна вэ, яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганы танхимаас худлаа гүтгээд байна вэ. Үүнийгээ тайлбарлах ёстой шүү. Би өөрийг чинь шүүхэд өгнө. Би яахаараа Төрийн ордны гурван давхраас хүмүүст ял өгөөд сууж байдаг юм бэ. Хууль зүйн сайд ийм юм ярьж болохгүй” хэмээн өмөлзсөн. Ийнхүү ямар нэг хууль зөрчөөгүй, зарчим барьж ажилласан Х.Нямбаатар ганцаараа Ерөнхийлөгчийн өөдөөс үнэнийг нь улалзтал хэлсэн юм даг. Хэрвээ Ерөнхийлөгчийг гүтгэсэн нь үнэн юм бол өнөөдөр Х.Нямбаатар сайдын алба залгуулах бүү хэл шалгагдаад сууж байх байв. Гэтэл тэр ажлаа хийн, шударга үнэний дуу хоолой болон яваагаас харахад тэр гүтгээгүй хэрэг.

"ТӨРД ЗҮТГЭСЭН ЭРХМҮҮД" түүхэн ном төсөл 2022 он

Улстөрч агентлаг ХХК-ийн өмч мөн тул хуулбарлахыг хориглоно. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.254.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.