Х.НЯМБААТАР даргаа! 82 мянган өрхөд ЗУУХ АВЧ ӨГВӨЛ утаан дунд ТАНЫ ДҮР  ТОДОРНО шүү дээ!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-11-27

Хотын дарга Х.НЯМБААТАРЫН дүр утаан дотроос тодорвол гайхах хэрэггүй. Учир нь хотын шинэ удирдлагын баг 82 мянган айлын ЗУУХЫГ ШИНЭЧИЛЖ өгөх гэж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын нэгэн чимэг нь ГЭР ХОРООЛОЛ. Бид үүгээрээ бахархаж, дэлхийд таниулахаар хичээж байна хэмээн Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга С.Батсүх хэлж байсан удаатай.

Гэтэл агаарын бохирдол, хөрсний бохирдлын жинхэнэ эх үүсвэр нь ГЭР ХОРООЛОЛ хэмээн судлаачид үзэж буй. Ямартай ч хотын гэр хорооллын 220 мянган өрх сайнаараа ч, саараараа ч хотын хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэсэн хэвээрээ байна.

15 жилийн өмнөөс л Улаанбаатарын УТАА гэх аймшгийн зүйл үүсэж, үргэлжилж явсаар 2017 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нарын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бүрдүүлж байхдаа “ГАМШИГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРСЭН” хэмээн тодорхойлж ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ чиглэлийг Засгийн газарт өгч байв.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух, 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянга гаруй автотээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд, 4 хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна гэж тухайн үед тооцож байжээ.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн бохирдлын эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино гэж тооцож 2017-2025 онд хэрэгжүүлнэ гэж тооцсон.

Хөтөлбөрийн хүрээнд “Ногоон зээлийн сан”, “Хямд өртөгтэй орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Орчны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;4.4.6. эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ гэж тусгасан.

Үүний гол зорилго нь түүхий нүүрсний хэрэглээг бүрэн халж хийн газаар айл өрхийн халаалтыг шийднэ гэж үзсэн. Аль ч Засгийн газар, ямар ч хотын захиргаа хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх ёстой. Харин хотын шинэ дарга Х.Нямбаатарын баг үүний эсрэг бодлого баримталж байна. Тодруулбал гэр хорооллын 82 мянган өрхийн зуухыг НИЙСЛЭЛИЙН ТӨСВӨӨР ШИНЭЧИЛЖ СОЛЬНО гэж хотын дарга Х.Нямбаатар, орлогч О.Номинчимэг нар мэдэгдээд буй.

Уг нь ЗУУХ тарааж, ЯНДАН НЭМЭХ БУС янданг хасаж, орон сууцжуулах, цахилгаан халаагуураар хангах, ногоон зээл олгох, өрхийн орлогыг дэмжих зэрэг бодлогыг хэрэгжүүлэх нь зөв юм. Хотын даргын зүгээс 20000 орчим өрхийн зуухыг цахилгаан зуухаар солих юм. Үлдсэн нь хорооны Засаг дарга, иргэн, НЗДТГ гэсэн гурвалсан гэрээгээр олгох аж. Ингэхдээ Монгол улсад мөрдөгдөж буй стандартад нийцүүлнэ гэжээ.

Ямар ч зууханд, юу ч шатаасан УТАА ГАРАХ нь тодорхой. Тэгэхээр утаагаа дахин шатаадаг зуух байгаад ч нэмэргүй. Үндсэндээ 82 мянган айлын ЯНДАНГААР УТААГ нэмж байгаа нь хожим өөрт нь хохиролтой, улстөрийн оноо алдсан шийдвэр юм. Ардчилсан намынхан аль болох л УТАА БУУРУУЛАХ арга шийдлийг ярьдаг. Тэднйи бүлгээс айлуудын яндан, зуухыг солиод шинэчлээд өг гэдэг шийдвэр гарахгүй. Тэгэхээр НИТХ- дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хэлсэн саналыг АН-тай нь хавсайдаж нийтэд мэдээлсэн байж ч магад юм. 82 мянган айлын ЯНДАНГААС гарах утаа агаарын бохирдлыг улам нэмнэ үү гэхээс ХАСАХГҮЙ. Д.Сумъяабазар, С.Амарсайхан, Су.Батболд, Э.Бат-Үүл нар ч ЯНДАНГ ЦӨӨЛӨХ бодлого баримталж байсан нь ТҮҮХЭН ҮНЭН болж үлдэх нь!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.19.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.