Гудамжнаас ГОРЛИГЧИД
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-11-29

Монголчууд 20 мянган төгрөгөөр 2024 онд 126 гишүүн сонгоно. Тэгээд жилийн дараагаас “ХУЛГАЙЧУУД” хэмээн орилж, Төв талбайдаа жагсаж эхэлнэ. Ийм суурийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тавьчихсан. 78 гишүүн нь өрсөлдөж, 48 нь “жагсаалтаар” гарч ирнэ. 1992 оны Үндсэн хуулиар олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн нь гудамжны тэмцэгч нарт боломж олгосон үйлдэл байв. Хэн дуртай нь, сайн орилсон нь, бүүр сүүлдээ сайн лайв хийсэн нь НАМ байгуулчихдаг болчихсон. Монгол улсын дээд шүүхэд өнөөдрийн байдлаар улстөрийн 37 нам БҮРТГЭЛТЭЙ байна.

Жагсаалтын нэгдүгээрт өнөөгийн эрх баригч 102 жилийн түүхтэй Монгол Ардын нам бичигдсэн бол улстөрийн гол сөрөг хүчин Ардчилсан нам хоёрдугаарт бүртгүүлсэн байна. Парламентад ганц төлөөлөлтэй ХҮН нам 19-т байгаа бол гудамжинд тэмцэгч Б.Жагар даргатай “Сайн ардчилсан иргэдийн нэгдэл” нам 37-т байна.

Дээрх 37 намын 37 даргад жагсаалтаар УИХ-ын гишүүн болох асар өндөр сонирхолтой байгаа. Баталгаатай нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Лу-Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нар автоматаар гишүүн болох боломжтой.

Үүнээс гадна Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, “Тавантолгой”-н хувьцаа ярьдаг ШИНЭ намын Ц.Гантулга, ЖОРЛОН, Хүний эрх ярьдаг “Иргэдийн оролцооны нам”-ын Ц.Оюунгэрэл, Оросыг эсэргүүцэгч гэдгээр танигдсан “Зон олны нам”-ын дарга Э.Одбаяр, юм болгон руу үсчин дайрдаг “Үнэн ба Зөв нам”-ын дарга А.Отгонбаатар, “Ард түмний нам”-ын үүсгэн байгуулагч Л.Гүндалай гээд олны танил одууд нийгэмд танигдсан үйлдлээрээ ОЛНЫ ДЭМЖЛЭГ авах магадлалтай ч нэг эрэгтэй, нэг эмэгтэй нэр дэвшигч гэсэн хуулийн шаардлага байгааг биелүүлэх боломжгүй.

Их эзэн Чингис хаан нэгэнтээ “Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул” хэмээн сургасан байдаг. “Үнэн ба Зөв” намын А.Отгонбаатар, “САИНН”-ын Б.Жагар нарын хүмүүст энэ үг онцгой анхаарууштай юм. 2024 он гарангуут хашир, мөнгөтэй улстөрчдийн хармаанд байгаа жижиг намууд амилж эхэлнэ.

Иргэдэд таалагдаж дэмжлэг авахын тулд “үнэн мэт худал” зүйл ярьж, элдэв нэтрүүлэг сурталчилгаа хийх нь ойлгомжтой. Гэвч тэднээс сонгогдож, гишүүн болох нь цөөхөн. Улстөрийн нам байгуулахын эцсийн зорилго нь ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ эрхийг ард түмний сонголт, дэмжлэгээр авах явдал. Энэ эрхийг МАН, АН гэсэн хоёрхон улстөрийн хүчин л хэрэгжүүлж байгаа. Бусад намуудад ийм боломж хязгаарлагдмал. Учир нь дээрх намууд орон нутаг болон дүүрэг хороодод салбар нэгжгүй, гишүүнчлэлгүй. Тийм ч учраас улстөрд том түүх бүтээж чадахгүй, хамгийн сайндаа л нэг гишүүний суудал, бусад намтай эвсэж орвол ганц сайдын сэнтийд залардаг тогтсон уламжлалтай.

Манай улс тэдийгээр олон намын тогтолцоо, олон ургалч үзлийг Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрсөн МАН, АН гэсэн хоёр гол намыг ээлжлэн сонгож улстөрийн гурав дагч хүчинд боломж олгож нар үзүүлээгүй. Нэг хэсэг МАХН  гэсэн гуравдагч хүчинтэй болох дөхсөн “улстөрийн хар шуурга” –нд өртөж МАН-ын охин компани болоод уусчихсан. ХҮН нам бол хүч бололцоо, нөөц багтаамж муутай, мөн л эрх баригч намын гарын үзүүрт оршиж байгаа учир удаан наслахгүй нь тодорхой.

Улсын дээд шүүхийн бүртгэлд 37 нам байгаа ч улсын эрх, төрийн жолоог атгадаг хоёрхон намтай. Энэ хоёр намын хуучин дарга нар нь эрх мэдэл, эдийн засгаараа нэг нэгнээсээ хэлхээ хамааралтай учир МАНАН бүлэглэл болчихсон. Шударга ёс ярьж, шударга зарчмыг эхлүүлсэн хэнийг ч болов тасчин хавчиж, нар үзүүлэлгүй дээрэлхэж, улстөрийн хоригдол болгон ялладаг.

Монгол нүүрлэсэн “ЖДҮ сангийн хулгай” “ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУЛГАЙ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”, “60 ТЭРБУМЫН СХЕМ” зэрэгт МАН, АН-ын ледэрүүд бүгд хамааралтай. Тийм учраас жижиг намууд ч бас улсаасаа, ард түмнээсээ хулгай хийж баяжиж, хангалуун амьдаръя гэсэн атгаг санааг тээж, “эх орон минь”, “ард түмэн минь” гэсэн хуурамч баг наанаа зүүчихсэн жүжиг тоглож яваа нь илт юм.

Өөрөөр хэлбэл МАН, АН гэсэн увайгүй, ёс зүйгүй, төлөвшөөгүй хоёр намыг явж ирсэн замаар бусад жижиг намууд замнахаар зэхэж буй нь илт. Онцлог нь тэд хэзээ ч төрийн эрхэд гарч чадахгүй, олонх болох шансгүй нь АЗ юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.152.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.