ОНЫ ОНЦЛОХ: Х Богд заларч, Их хамба халаагаа өгч, ҮЕР бууж, БЕНЗИНД ООЧЕРЛОСОН нэг жил
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-12-27

Улиран одож буй 2023 он улстөр, нийгэм, иргэдийн амьдралд сайн, муу олон чухал үйл явдал болж өрнөлөө. Үйл явдал бүр тодорхой цаг хугацаа, ул мөр, түүхийг хадгалан өрнөсөн байдаг. Улстөрч агентлагаас 2023 онд олон нийтийн анхаарлыг татаж нийгэмд тодорхой хэмжээний шуугиан тарьсан үйл явлуудлыг онцлон уншигч танд хүргэж байна.

ЧОЙ хамба чөлөөндөө сууж, X БОГД арслан ширээнээ залрав!!

Монголчуудын уламжламлт шарын шашинд онцгой хоёр үйл явал тохиосны нэг нь бид дотроосоо ШАШНЫ ТЭРГҮҮНЭЭ тодруулж, номын ширээнд нь залсан явдал юм. Монгол буддын шашны тэргүүн Х Богд Жавзандамба хутагт Жадо ринбүчи айлдварт оролцож, дамжлага эрх ёсчлон хүртжээ. Дамжлага эрх ёсчлон хүртсэнээр Х Богд Жавзандамба албан ёсоор Монголын бурхны шашны тэргүүний суудалдаа заларсан буянтай сайхан үйл явдал болов. Удаах нь Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн их хамба, Хамба номун хан, Хан сүр, гавж, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Дэмбэрэлийн Чойжамц ламтан хийдийн тэргүүний суудлаа дараагийн үедээ шилжүүлэн өгч, номын их үйл хэргээр чөлөөлөгдөв. Д.Чойжамц нь их хэлмэгдүүлэлтэд өртөж хядуулсан эрдэмтэн лам нарыг цагаатгах, нурж үйрсэн сүм хийдийг сэргээх, шашин соёлыг хөгжүүлэх зэрэгт онцгой анхаарч, улмаар IX, X –р богд ламыг тодруулан шашнаа эзэнтэй болгох үйлсэд чухал үүрэг гүйцэтгэсэн шашны нэрт зүтгэлтэн юм. Энэ бол шарын шашинтай монголчуудын хувьд түүхэн их үйл явдал мөн юм.

Дээдсүүд ДАНШИГ ҮЗЭЖ, доодсууд ГАМШИГТ ӨРТӨВ!!

Өнгөрсөн жилийн зун Улаанбаатар хотод усархаг, ширүүн бороо орсны улмаас долоо, наймдугаар саруудад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Налайх дүүргүүдийн зарим хороодод хүчтэй үер болж иргэд амь, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохиров. 2023 оны 07 сарын эхээр буюу баяр наадмын өмнө нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх дүүргийг нутгийг дамнан урсдаг Сэлбэ гол усархаг борооны улмаас урсац нь нэмэгдэн үерлэж улмаар зам талбай усанд автаж, иргэд оршин суугчид орж гарах боломжгүй болов. Сэлбэ голын ус эрэгээ халин урсаж энгийн иргэд ГЭРТЭЭ ОРЖ ЧАДАХГҮЙ боогдов. Наймдугаар сарын эхээр дахин үер бууж БЗД-ийн 21-р хороо, Монелийн гудамжинд аадар борооны улмаас үер бууж, тэр чигтээ усанд автсан тул үерт өртсөн айл, өрхүүд урсаж ДӨРВӨН ХҮН амь насаа алдсан дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байхад ДАРГА НАР ДАНШИГ НААДАМ хэсч, айраг, дэмбээ эргүүлдэж явсан нь харамсалтай. Нийслэлийн Онцгой Комиссоос өгсөн мэдээллээр 97 айл өрх, хашаа байшин, 105 автомашин үерт автсан гэх тооцооллыг сүүлд гаргасан. Дээрх харамсалтай үйл явдлыг иргэдийн зүгээс дүгнэхдээ ХАРИУЦЛАГГҮЙН ҮЕР, УЛСТӨРИЙН, АВЛИГЫН ҮЕР буулаа хэмээн дүгнээд буй юм. Иргэд өнөөдөр ч ХОХИРЛОО БҮРЭН ТӨЛҮҮЛЖ чадаагүй байгаа билээ.

Сүүлийн дөрвөн жилд хоёр дахь удаагаа ийнхүү бензин шатахууны хомсдолд орж жолооч нар долоон километр урт эгнээ үүсгэн балга бензинд оочёрлож байгаа дүр зургийг зөвхөн Монголоос л харж болно. 2021 оны 9 дүгээр сард бензин тасарч Засгийн газар ОХУ-тай яаралтай холбогдсоны хүчинд тав хоногийн дотор хэвийн болгож байв. Тэгвэл 2023 оны 12 дугаар сарын 10-наас эхлэн Монгол улс мөн шатахууны хосдолд оров. ОХУ-ын Засгийн газрын 2023 оны есдүгээр сарын 21-ны 15/35 дугаартай ОХУ-аас арилжааны бензин дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай тогтоол гарсан цагаас хойш л Монгол улс бензиний сааталд орох тодорхой болоод байв. Монгол Улс нийт шатахууныхаа 85-91 хувийг Роснефт компаниас импортолдог. Манай улсын дизель түлшний сарын дундаж хэрэглээ 92-95 мянган тонн байдаг. Шатахуун түгээх станцууд хангалттай бензинтэй ч хаалттай хэвээрээ, Монголчууд шар нь ассан ч банкаа дүүргэчихнэ гэсэн горьдлого тээн -35 хэмийн хүйтэнд дааран дааран хүлээсэн хэвээр байна.

Үндсэн хуулийн ӨӨРЧЛӨЛТ ба ХОЛЬМОГ ТОГТОЛЦОО

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт оруулж 2024 оноос 126 гишүүнтэй байхаар Улсын ИХ хурлаас батлав. Засгийн газраас 152 гишүүнтэй хуулийн төсөл санаачлан орон даяар хэлэлцүүлсэн ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, эрх баригч намын гишүүд ТОЛГОЙГОО ХАГАЛУУЛАХ  шахав. Иргэдийн дийлэнх нь 152 гишүүнтэй болохыг дэмжээгүй тул шийдвэр гаргагчид дараагийн хувилбар болоох 126 гишүүнтэй байх, мөн улстөрийн сонгуулиа хольмог тогтолцоогоор явуулдаг байх өөрчлөлтийг Үндсэн хуульд тусгав. Түүнчлэн Үндсэн хуулийн заалтаа ажил хэрэг болгохоор зориглон ТОМСГОСОН, БҮСЧИЛСЭН сонгуулийн тойрог зураад амжив. Энэ нь үндсэндээ эрх баригч нам өөрсөддөө зориулсан сонгуулийг тойрог босгож, улстөрийн бусад хүчин, нам эвслийг тоглоомын цаана үлдээж МАН, АН гэсэн хоёр ноёрхол тогтоохыг зорьж байна. Сонгууль томсгосон, бүсчилсэн хэлбэрээр явагдах нь ЗАЛУУЧУУДАД болон жижиг намуудад хортой ч ЖАЛГА ДОВНЫ ҮЗЭЛ, МӨНГӨНИЙ ЗОДООНЫГ таслан зогсоох САЙН ТАЛТАЙ юм. Ямартай ч Үндсэн хуулийн өөрчлөлт ХОЛЬМОГ ХУУРАГ байх нь гарцаагүй болов.

Монголчууд ЦАХИМ ТОГЛООМ болон цахим залилангаараа ДЭЛХИЙД ГАЙХУУЛАВ!

Монгол улсын Засгийн газрын дэвшүүлсэн “ЦАХИМ ҮНДЭСТЭН” хөтөлбөр маш амжилттай хэрэгжиж буйн тод илрэл нь УХААЛАГ ГАР УТАС хэрэглэгчийн тоо 4 сая давсан үзүүлэлт. Бид ч техник технологийн дэвшлийг гаргууд сайн сурч ЦАХИМ ЗАЛИЛЛАН болон ЦАыХИМ СПОРТООР дэлхийд тэргүүлж эхлэв. Манай улсын Е-СПОРТЫН тамирчид ДЭЛХИЙН АВАРГА болж нэг, хоёр, дөрөвдүгээр байруудад оров. Дэлхийн хамгийн шилдэг 16 баг тоглосон "Grand Final" шат гурван өдөр үргэлжилж өнөөдөр дууслаа. Финалд Монголын гурван баг тоглосноос "IHC Esports" баг түрүүллээ. Монголын "Stalwart Esports" баг 138 оноогоор дэд байр, "4Merical Vibes" баг 127 оноотой 4-р байрыг эзлэв. Финалын MVP-ээр "IHC Esports" багийн Zyol буюу Б.Золбоот шалгарав. Цахим спорт цахим эдийн засагт том хувь нэмэр оруулдаг. Дэлхийн хэмжээнд 2022 оны нийт орлого нь 3.8 тэрбум доллар хүрсэн байна. Цахим спортын салбарын эдийн засгийн жилийн өсөлт 8.65 хувиас дээш үзүүлэлттэй гарчээ. Иймд ТӨРӨӨС ЦАХИМ СПОРТЫГ дэмжинэ гэдгээ салбарын сайд нь мэдэгдэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.54.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.