Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Байгалийн баялагийг шууд ИРГЭДИЙН ОРОН СУУЦ, ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛД зарцуулна
З.Батхуяг
Нийтлэл
/
2024-01-31

Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2024-01-31) Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэлээ. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайдын мэдээллийн ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮДИЙГ ХҮРГЭЕ!

  • Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэлээ.
  • Байгалийн баялгийн өгөөж иргэн бүрд ШУУД хүртээмжтэй байх, иргэдийн нэрийн дансанд ШУУД хуримтлал үүсгэх, төсвийн давсан орлогыг тэгшитгэн хуваахгүйгээр хөгжлийн томоохон төслүүдэд ШУУД хөрөнгө оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Баялагтаа эзэн байх суурь зарчмын асуудалд санал нэгдсэн Ардчилсан нам, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН нам, ХҮН намын дарга Т.Доржханд нарт Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
  • Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан байгуулахаар тохиролцлоо.
  • “Эрдэнэс Монгол”-ын харьяа стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу Толгой, цаашид ашиглах ордуудын ашиг Хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрч, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахаар тусгалаа.
  • Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болсон орлогын тэгш бус байдлыг бий болгосон байгалийн баялаг, нийслэлийн газар, өмч хувьчлалын талаар бодитой дүгнэлт хийж, эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүртээмжтэй болгоход чиглэсэн авлигын эсрэг тэмцэл тууштай үргэлжлэх болно гэдгийг дахин хатуу илэрхийлье.  

  •  2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын 893,432 иргэнд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг  Улсын Их Хурлын 2024 оны 10-р тогтоолыг үндэслэн гаргалаа. Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болж байна.
  • “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм, нүүрсний ил тод байдлыг хангаж, далд эдийн засгийг ил болгосны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” компани анх удаа 2022 оны жилийн эцсийн дүнгээр 1.3 их наяд төгрөг, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар иргэдийн 1072 хувьцаа ийнхүү бодитоор амилж байна.
  • 2022 оны ногдол ашиг болох татварын өмнөх дүнгээр 116 мянган төгрөгийг өнөөдөр иргэн бүрд шилжүүлж байна. 2023 оны ногдол ашиг болох 286 мянга орчим төгрөг байх урьдчилсан төсөөлөл гарч байна.
  • Байгалийн баялгийн засаглалыг ил тод, шударга, ашигтай ажиллахыг нийт иргэдээрээ хяналт тавих, засаглалын асуудалд шууд оролцох тогтолцооны реформ болох болно.
  • Туулай жилийн 5Ш ажиллагаа эдийн засгийн хувьд үр дүнд хүрлээ. Луу жилд монголчууд баялагтаа шууд эзэн болно.
     
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.118.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.